Ц.Хосбаяр: П.Орхоны эрхийг сэргээлгэхийн тулд Арбитрын шүүхэд 250 гаруй сая төгрөг зарцуулаад байна

Админ
2019/09/12

Манай улсын топ спортын холбоод сүүлийн үед хэл ам ихтэй байна. Монголын жүдо бөхийн холбоо ДАШТ-д амжилт муутай оролцсоноос болж Ерөнхийлөгчөөсөө банга хүртэж, шигшээ багийн удирдлагууд нь огцрохоо мэдэгдээд байгаа бол Чөлөөт бөхийн холбоо ДАШТ-д явахаасаа өмнө шигшээ багийн дасгалжуулагч нь тамирчнаа дарамталсан, ДАШТ-д орох эрхийг булаасан гэх “хэрэг”-т холбогдоод байна. Ер нь сүүлийн жилүүдэд МЧБХ зарим дасгалжуулагч, тамирчидтайгаа эв зүйгээ олж чадахгүй яваа. “Аваргууд академи” тус холбоог шүүхэд өгч, хоёр ч шатны шүүхэд ялалт байгуулчихсан. Одоо Дээд шүүхийг хүлээж байгаа гэх. ДАШТ-ний босгон дээр бид гавьяат дасгалжуулагч, “Алдар” спорт хорооны дасгалжуулагч Ц.Хосбаяртай ярилцлаа. Тэрбээр “Тамирчдад буруу байдаггүй юм, миний дүү. Хэрвээ буруу байвал тухайн холбоо, дасгалжуулагчид л байдаг юм” гэсээр бидний яриа эхэлсэн юм.

 

 

П.Орхон, С.Цэрэнчимэд нарыг М.Пүрэвтунгалаг шиг дардаг байсан

 

 

-Монголын чөлөөт бөхийн холбоо сүүлийн үед нэлээд хэл ам дагуулах боллоо. Өнгөрсөн даваа гарагт шигшээ багийн тамирчин М.Пүрэвтунгалаг зарим нэг тамирчин дасгалжуулагчтайгаа нийлж дарамталсан, УАШТ-д тэмцээнд түрүүлсэн байтал ДАШТ-д өөр тамирчинг явуулах гэж байна хэмээн мэдээлэл хийсэн нь олны анхаарлыг татаж байна. Чөлөөт бөх сонирхогчид ч холбоо хуудуутай үйл ажиллагаа явуулдаг нь энэ мэт зүйлээс илж болж байна хэмээн ч ярьцгааж байна. Та юу гэж харж байна?

 

-Энэ бүр олимпийн өмнөх жилээс эхтэй. Манай П.Орхон болоод бусад тамирчдыг яг ийм байдлаар дарж ирсэн. Би юмыг баримттай ярина. ОУХМ Цэвэгмид, Ц.Бямбазаяа, Б.Одончимэг нарыг Монголын Чөлөөт бөхийн холбооны ЕНБД Б.Батбаяр бүр санаатайгаар ингэж дарж ирсэн. Тухайн үед би тамирчдынхаа ар гэрт хэлж, хэвлэлийн бага хурал хийе гэж хэлж байсан тэд айсан. Үнэхээр нухчин даруулчихсан байсан үе л дээ. Тэмцдэг нь Цогоо бид хоёр байсан юм. Гэвч Цогоо шигшээгийн багш болчихсон байсан учраас тэр болгон халдаж чадаагүй. Хэрвээ тэр үед өнөөдрийн М.Пүрэвтунгалагийн аав шиг зоригтой тэмцсэн бол энэ байдал аль эрт арилчих байсан. Ер нь ийм заваан юм жил болгон гардаг.

 

Өнгөрсөн жил гэхэд Дэлхийн аварга С.Цэрэнчимэдийг сорилт тэмцээн дээр хожчихоод байхад л жин бага гэсэн шалтгаанаар ДАШТ-д өөр тамирчинг явуулсан. 2013 онд С.Цэрэнчимэд 18 настайдаа Залуучуудын Дэлхийн аварга болчихоод байхад бас л нас бага гэдэг шалтгаанаар ДАШТ-д явуулалгүй үлдээж байсан. Дэлхийн аварга П.Орхонг бас л ингэж дарж ирсэн. 2014 оны насанд хүрэгчдийн УАШТ-нд П.Орхон Бямбацэрэнг цэвэр дарчихаад байхад л шүүгч Б.Төмөрбаатар дүрмийн бус шүүлтээр хожигдуулж байсан. 2015 онд П.Орхон тэр жилийнхээ бүхий л олон улсын чанартай тэмцээнүүдэд түрүүлж, медаль цуглуулаад байсан ч насанд хүрэгчдийн УАШТ-д Номин-Эрдэнэд хожигдож, мөнгөн медаль хүртсэн юм. Гэтэл ДАШТ-нд УАШТ-нийхээ нэгдүгээр тойрогтоо ч ирээгүй Бямбацэрэн гэдэг тамирчинг явуулсан. Яагаад түүнийг явуулсан гэхээр тэр жилийн хавар холбоо шигшээгийнхээ тамирчдыг Катарт ААШТ оролцсон юм. Тухайн үед П.Орхон бэртэл гэмтэлтэй, бэлтгэл дутуу байсан. Гэвч ар гэр, багш дасгалжуулагчид нь зөвшөөрөхгүй байхад хүчээр авсаны улмаас П.Орхон хоёр өдөр ухаан алдаж унасан. Аргагүй шүү дээ. Халуун оронд бэлтгэл дутуу байгаа юм чинь. Гэтэл ДАШТ явах болоход Б.Батбаяр танай охин чинь дэвжээн дээр гараад ямар нэг юм болбол би хариуцахгүй гээд авч яваагүй. Тэгэхээр М.Пүрэвтунгалагийн жишээ давтагдаад л байгаа биз. П.Орхоныг хоёр удаа, С.Цэрэнчимэдийг хоёр удаа, Б.Одончимэг  дээр бүр тэрнээс ч олон удаа байгаа байх. Энэ чинь Б.Батбаярын сурсан мэх байхгүй юу.  Зоригтой тэмцэж байгаа М.Пүрэвтунгалагийн аав ээжийнх нь зөв. Тухайн үед бид зориггүйдээ дуугүй өнгөрсөн. Ийм завхралд тамирчдын буруу гэж байдаггүй юм. Холбооны, дасгалжуулагчдын л буруу гэж бий.

 

 

-Тамирчныхаа эрх ашигийг илтэд зөрчжээ гэж л харж байна. Тухайн үед нь юм хэлж байв уу?

 

- Хэлэлгүй яахав. Олимпийн жил байхаа 2016 онд Б.Батбаяр нэг бузар булай юм хийсэн. П.Орхон насанд хүрэгчдийн УАШТ бүгдийг нь хожиж түрүүлсэн. Мөн “Mongolian open”, И.Ярыгин гран прид очиж, нөгөө алдарт Олимпийн гурав, дэлхийн арван удаагийн аварга Японы алдарт бөх Каори Ичог хожиж түрүүлээд, Азийн аваргад мөнгө аваад олимпийн эрхээ авчихсан байсан үе. Гэтэл Польш, Испанийн тэмцээнд нэг жинд дөрвийн дөрвөн тамирчин явуулсан. Рейтинг нь тоолоод үзвэл П.Орхон бараадахгүй. Тухайн үед улс орны эдийн засаг муу байгаа энэ үед ганцхан жинд дөрвийн дөрвөн тамирчин оролцуулж, 30 гаруй сая төгрөг үрж яаж байгаа юм бэ гэсэн чинь дараагийнхаа олимпийн циклийн бодож байна гэсэн. Үгүй л байхгүй юу. Нөгөө тамирчид нь манай охиноос 3-5 насаар эгч. Спортод тухайн тамирчны нас асар нөлөөтэй. Бүр цоорчихсон ганц хоёр хүнд нас хамаардаггүй. Зүгээр л тэднийг П.Орхонтой өрсөлдүүлэх гэж, нэг л хожигдчихвол оронд нь өөр хүн тавихаар далдуур санаархсан хэрэг.

 

 

Шигшээ багт бандааш, оймсоо угаалгаж байсан гээд л ярьвал их юм бий

 

 

-Тэмцээнд явуулах тал дээр дасгалжуулагчид нь энэ мэт нэлээд асуудал өрнүүлдэг юм байна. Тамирчдын дунд ч бас багагүй тэмцэл өрнөдөгийг М.Пүрэвтунгалаг товчхон мэдэгдэл илэрхийлчихшиг боллоо.Э.Сумъяа эгч намайг дарамталсан. Бэлтгэл хийх үедээ битгий “Арсалдаад байгаарай чи” гэсэн гээд. Үнэхээр шигшээ багийнхан дунд биенээ ялгаварлах явдал гардаг юмуу?

 

-Эхлээд Б.Батбаяр, Б.Баттулга нарын яриад байгаа 30-0 харьцаатай ялагдсан гэдэг дээр дасгалжуулагч хүний хувьд хэдэн үг хэлье. Би саяхан “Говь ресорт” дээр очиж бэлтгэл хийсэн. Миний ойлгож байгаагаар Э.Сумъяа одоо 59 орчим жинтэй байгаа. Өөрөөр хэлбэл жин хасаагүй байгаа, тэмцээд явна гэсэн нервигүй байгаа. Дээр нь хэрвээ энэ хүүхдийн хэлээд байгаа шиг Э.Сумъяа дарамталсан нь үнэн бол М.Пүрэвтунгалаг эгч нараасаа хэзээ ч оноо авч чадахгүй. Олон жил дасгалжуулагч хийсний хувьд үүнийг сайн мэднэ. Багшдаа дарамтлуулсан нь нөлөөлнө, эгчдээ дарамтуулсан нь нөлөөлнө. Ийм нөхцөлд ялангуяа эмэгтэй хүүхдээс барилдаан гардаггүй. Яагаад гэхээр би М.Пүрэвтунгалагаас жингийг нь асууж байсан. 54 кг-тай байгаа гэсэн. Тэгэхээр Э.Сумъяа энэ хоёрын хооронд 4-5 кг-ийн зөрүү гарч байгаа биз. Дөрөв байтугай хоёр кг-ийн зөрүү спортод их ялгардаг. Яагаад 53, 55, 57, 59 кг гэсэн жингүүд байдаг юм бэ. Хоёрхон кг-ийн зөрүү тэмцээнд асар ялгаатай болохоор ингэж тусгайлан заадаг. Гэтэл хяналтын барилдаан дээр 4-5 кг-ийн жингийн зөрүүтэй хүнтэй барилдуулчихаад ялагдлаа гэдэг үнэхээр шударга бус зүйл.

 

 

-Та тэгэхээр шигшээ багт дарамтын асуудал байдаг гэдгийг хүлээн зөвшөөрч байгаа хэрэг үү?

 

-Шигшээ багт биенээ дарамтлах, сэтгэл санааны дайралт хийх явдал мэр сэр гардаг байсан нь үнэн. Манай Б.Одончимэгийг шигшээ багт байхад манай хүүхдүүд рүү дайрдаггүй байсан. Гэтэл гарсанаас нь хойш сагс тоглож байхдаа мөрлөснөөс болоод л янз бүрийн асуудал үүсгэдэг болсон. Бандааш, оймсоо угаалгаж байсан гээд л ярьвал их юм бий. Ямар сайндаа л хүүхдүүд маань шигшээгийн цугларалтад гармааргүй байна гэхэв дээ.

 

 

-Шигшээ багийн дасгалжуулагч бол ямар ч дарамт байхгүй, манай тамирчид сахилга баттай гэж мэдэгдээд байсан даа?

 

-Энд нэг зүйлийг ярьмаар байна. Дасгалжуулагчийнхаа үгэнд тамирчид нь орохоо байж. Сая Польшийн тэмцээний үеэр юу болсоныг та нар сонссон л байх. Тамирчин нь дасгалжуулагчийнхаа өөдөөс салаавч өгөөд п...гээрээ дуудсан. Өнгөрсөн жил Азийн тоглолтын үеэр тамирчин нь дасгалжуулагчдаа агсам тавьсан. Агсам тавиулж байгаа багш нар юу заах юм бэ. О.Пүрэвбаатар, С.Цогтбаяр нарын үед үнэндээ тийм зүйл байгаагүй. Тамирчид ч хэлдэг. Багш нарыг байхад гоё байжээ гэж. Одоо дурын тамирчин өөрөө бэлтгэлээ тохируулаад хийдэг болчихож. Сая Говь ресорт дээр очиж харлаа.

 

 

П.Орхоны эрхийг сэргээлгэхээр Арбитрын шүүхэд хандах үед МЧБХ-ны ЕНБД нь зугтаасан 

 

 

 

-Тамирчин нь дасгалжуулагчдаа итгэдэггүй, дасгалжуулагч нь тамирчиндаа заадаггүй байна гэдэг багш шавийн барилдлага байхгүй байна гэсэн үг биздээ. Ийм хүмүүсээс амжилт нэхнэ гэдэг бүтэшгүй мөрөөдөл мэт санагдлаа? 

 

-Б.Баттулга үнэхээр юм мэддэггүй юмуу эсвэл хэлсэн үгийнхээ төлөө хариуцлагыг хүлээхгүй гэж боддог юм уу. Манай чөлөөт бөхийн тамирчид энэ жил хамгийн олон эрх авна, түүхэндээ хамгийн их медаль авна гээд л яриад байх юм. “U23” Азийн аварга шалгаруулах тэмцээнд манай тамирчид их сайн оролцлоо, “Mongolian open” Улаан-Үдийн тэмцээнд манайхан бүгд алаад өглөө гэх. Эдгээр тэмцээнүүд чинь Дэлхийн аваргын хэмжээний тэмцээн биш шүү дээ. Сая манайхан Дэлхийн цомын өмнө манайх АНУ-д 9:1, Иранд 8:2-оор хожигдсон. Үүгээрээ л прогноз хийх ёстой байтал юун U23 тэмцээн бэ. Би лав амжилттай оролцоно гэж цээжээ дэлдээд яваад байгаад итгэхгүй байна.

 

 

-Тантай уулзсаных П.Орхоны асуудлын талаар асуухгүй өнгөрч болохгүй нь. Олон улсын шүүхийн байгууллагад хандана гэж мэдэгдэж байсан, хандсан уу. Хэрвээ нааштайгаар шийдэгдвэл хоёр жилийн дараа эрхийг нь сэргээдэг гэж сонссон?

 

-Энэ сэдвийг ярихаасаа өмнө МЧБХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Батбаяр өнгөрсөн дөрөвдүгээр сард “Өглөөний сонин”-д “П.Орхоны эрхийг сэргээхийн төлөө бүхнийг хийх ёстой” гэсэн гарчигтай ярилцлагын талаар хэдэн үг хэлье. Б.Батбаяр энэ ярилцлагадаа гарчигнаасаа эхлээд худлаа ярьсан. Бид П.Орхоны асуудлаар Арбитрын шүүхэд хандахаар боллоо. МЧБХ-ноос албан бичиг өгөөч гэсэн чинь зугтаачихсан хүн шүү дээ. Эндээс хэн нь охиныхоо төлөө хамаг мөнгөө зориулж, Арбитрын шүүх хүртэл явж байна, хэн нь худлаа яриад байна вэ гэдэг нь харагдаж байна уу. Хоёрдугаарт, хэрвээ П.Орхон Арбитрын шүүхэд хандаад ялагдвал насаараа барилдахгүй шүү, эрхийг нь хасна шүү гэж бидэнд ойлгуулах гэж оролдсон. Гэхдээ бид арай өөр юм мэдэх хүмүүстэй холбогдсон болохоор үүнд нь авталгүй, өдийг хүртэл явж ирлээ. Үнэндээ  Чөлөөт бөхийн холбоо Б.Батбаярын яриад байгаа шиг их юм хийгээгүй. Хуруу байтугай, хошуугаа ч хөдөлгөөгүй. Харин  “Батсол” компанийн захирал Н.Батсайхан маань бүх мөнгийг нь гаргаад П.Орхоны асуудлаар Арбитрын шүүхэд хандчихсан байгаа. Бараг 100 гаруй мянган доллар буюу монгол мөнгөөр 200 гаруй сая төгрөг зарцуулаад байна.

 

 

П.Орхоны талаар сайхан мэдээ дуулна гэдэгт итгэлтэй байж болно

 

 

 

-Тэгэхээр П.Орхоны талаар удахгүй сайхан мэдээ дуулдах нь ээ?

 

-Манай Н.Батсайхан баяртай мэдээ дуулгана л гээд байгаа. Гэхдээ би энэ талаар дэлгэрэнгүй ярьж болохгүй. Хэрвээ хэлчихвэл манай нөгөө хүн чинь би үүнийг хийсэн юм гээд ярьчихна. Маш нууц явагдаж байгаа. Тиймээс П.Орхоны талаар сайхан мэдээ дуулдана гэдэгт итгэлтэй байж болно гэж монголын ард түмэндээ хэлье дээ. Ангийн найз Н.Батсайхан найздаа бүр талархаад ханахгүй юм. Баргийн аавын хүү, ээжийн охин тийм их мөнгө өгөхгүй шүү дээ.

 

 

- Одоо чөлөөт бөхийн холбоо П.Орхонд ямар нэг хэмжээгээр тусалж дэмжиж байгаа юу. Холбоо сурч боловсрох, сэтгэл санааг дэмжих талд мөнгө санхүүгээр тусална гэсэн байсан?

 

-Инээд хүрээд байх юм. Хоёр сэтгэлзүйч гаргаж өгсөн гэж байгаа юм. Нэрийг нь хэлчих гэхээр хэлэхгүй. Бас хоёр ивээн тэтгэгч гаргаж өгсөн гэсэн. Тэр хүмүүстэй нь холбогдоод шүүхэд хандах гээд байна, мөнгө төгрөг хэрэгтэй байна гэсэн чинь миний өмнөөс юу гэсэн гээч муу п... минь гээд утсаа салгаад алга болсон шдээ. Чи тэр ярилцлагыг уншсан юм байна. Тэрэн дээр чинь нэг эгдүү хүргэсэн зүйл байгаа. “Авах хүн арван гартай, өгөх хүн өрөөсөн гартай, хамгийн их шагналыг, хамгийн их хүндлэлийг хэн авдаг билээ, боддоо” гэсэн байгаа юм. Бодвол намайг хэлж байгаа бололтой. П.Орхон олимпийн жинд ДАШТ-д түрүүлэхэд 2-хон сая төгрөг өгсөн. Гэтэл О.Насанбурмаа олимпийн бус жинд мөнгө авахад 20 сая төгрөг, н.Шоовдор олимпийн бус жинд хүрэл медаль аваад 10 сая төгрөг өгсөн шүү дээ. Надад нэг шинэ жилээр дугтуйтай мөнгө өгч байсан. Би тэрийг нь задлаагүй байж байгаад Оюунсүрэнгийн эмчилгээний зардалд хандивлачихсан. Арай дэндүү ялгаварлаж байгаа биздээ. Зүгээр л доромжилж байгаа байхгүй юу.

 

 

Б.Батбаярыг П.Орхонг хорлох ажиллагаа явуулсан гэж харддаг

 

 

 

-Хэрэг явдал нааштайгаар шийдвэрлэгдэж байгаа нь сайн хэрэг ч П.Орхонг хэн хорлов гэдэг одоо хүртэл оньсого хэвээр байна. Дараа нь ямар ч тамирчин тэр хорлолд өртөхийг хэн ч таашгүй?

 

-Би хардах эрхийнхээ дагуу би Б.Батбаярыг ийм ажиллагаа зохион байгуулсан гэж нүүрэн дээр нь ч хэлсэн, өрөөнд нь ч хэлсэн, өөрийнхөө даргын өрөөнд ч хэлсэн. Чи Ц.Хосбаяр, Ц.Цогтбаяр хоёрын шавь нар хошой дэлхийн аварга болж, Олимпийн аварга болох нь гэж хорсохдоо л ийм ажиллагаа явуулсан гэж хэлсэн. Энэ хүн өөрийнхөө хамгийн итгэлтэй нэг тамирчинтайгаа нийлж хийсэн гэж л хардаж байгаа. Учир нь П.Орхон багшгүйгээр явсан ганцхан тэмцээнийхээ үеэр ийм асуудалд холбогдсон.  ДАШТ-нээс хойш зургаан удаа тэмцээнд оролцоход ганцаас нь ч сэргээш илрээгүй. Хамгийн сүүлд гуравдугаар сард Киргизийн АШТ-нд хоёрхон оноо алдаж түрүүлсэн хүн Азийн наадамд түрүүлнэ гэдэгтээ итгэлтэй байна биз дээ. Тийм ганцхан тун бодис хэрэглэх үү.

 

 

-Тэр үед та яагаад хамт яваагүй юм бэ. Хилийн хориг тавиулсан байсан гэх мэдээлэл байсан?

 

- Өнгөрсөн жилийн сорил тэмцээний үеэр шүүгч Б.Төмөрбаатартай жаахан ам зөрсөн юм. “Чи тэмцээнд явж хүүхэн зардаг. Чи Шигшээгийн багш байхдаа тамирчинтайгаа явалддаг байсан. ОХУ-ын УАШТ-ийг очиж үймүүлсэн, буудуулаагүй ирсэндээ баярла, муу Хужаа” гээд хэлчихсэн чинь намайг цагдаагийн байгууллага өгчихсөн байсан. Цагдаа надаас “Та хүний Хужаа гэж доромжилсон байна” гэхээр нь тиймээ, тэр хүнийг тэгж хэлсэн нь үнэн. Би хужаа хүнийг хужаа л гэсэн. Хэрвээ Монгол Төмрөө гэсэн бол жинхэнэ тэр хүнийг доромжилсон болно шүү дээ гэж хэлээд л тэр хэрэг хаагдсан. Хамгийн их эргэлзээтэй байгаа зүйл нь Зөрчлийн хуулиар хилийн хориг тавина гэж байдаггүй байсан билээ. Гэтэл тэр цагдаа надад хилийн хориг тавилаа шүү гэж хэлсэн нь хэн нэгний явуулга болох нь гарцаагүй.

 

 

Шүүгч Б.Төмөрбаатар хүүхэн зарж, авлига авч, санаатай буруу шүүсэн

 

 

-Уучлаарай хэрэг дурлаад асуучихъя. Шүүгч Б.Төмөрбаатар тийм асуудалд орооцолдсон нь үнэн юм уу?

 

-Үнэн шүү дээ. Би баримттай л юм ярина. Би жилийн өмнө монголын чөлөөт бөхийг Б.Төмөрбаатар, Б.Батбаяр бузарлаж байна. Энэ хоёр чөлөөт бөхөөс явахдаа хамгийн ичгүүртэйгээр, дахиж чөлөөт бөхөд орж ирэхгүйгээр явна шүү. Эртхэн арга хэмжээ аваачээ гэж бичиж байсан. Гэтэл яг ёртой юм шиг Дэлхийн бөхийн холбоо өнгөрсөн жилийн 11 сард Б.Төмөрбаатарыг олимпийн зэрэглэлийн шүүгчээс нь нэгийг нь өнжөөгөөд шууд 2 дугаар зэрэглэл хүртэл нь буулгасан. Бүтэн нэг билүү 2 жилээр эрхийг нь хассан. Бүр дүүргийн аварга шалгаруулах тэмцээн ч шүүх эрхгүй болсон. Бас дээр авлига хээл хахууль авсан, санаатай буруу шүүсэн, хүүхэн зарсан гээд нэлээд ноцтой асуудалд орсон хүн. ОХУ-ын УАШТ-ийг бүр самарчихаад ирсэн шдээ.Хамгийн харамсалтай нь энэ хүний уршигаар монголын чөлөөт бөхийн тамирчид энэ жилийн ДАШТ, дараа жилийн Олимпийн наадамд шүүгчгүй л оролцох болж байна даа. Би уг нь эрт л сануулсан. Аливаа тэмцээнд шүүгчтэй оролцоно гэдэг маш их давуу тал олгодог.

 

-Одоо П.Орхон маань удахгүй хуримаа хийнэ гэсэн байхаа?

 

-П.Орхон маань одоо удахгүй төрнө. Мөн энэ сарын 25-нд хуримаа хийнэ. Бас Арбитрын шүүхийн шийдвэр 20-д гаргаад гарна. Бүхий л нөхцөл байдал эерэгээр эргэж байна даа. Сэтгэл санаа сайхан өндөр байгаа. Эргээд барилдана гэсэн итгэлтэй байгаа. Би уг нь энэ талаар мэдэгдэхгүй байя гэж бодож байсан юм. Бүх зүйл тодорхой болсоны дараа мэдээлэл өгье гэж байлаа. Гэвч өнөөдөр чамд ярьчихлаа.

 

-Сүүлийн үеийн сонин сайхнаар чинь хоёулаа яриагаа өндөрлүүлье? 

 

-Монголын түүхэнд анх удаа Алдар спорт хорооноос сонгомол бөхөөр хоёр тамирчин сонгон шалгаруулалтаар эрхээ аваад ДАШТ-д оролцох гэж байна. Эрэгтэй, эмэгтэй тамирчид оролцоно. Онгироод хэлчихье. Миний бэлдсэн тамирчдаас хоёр нь явах гэж байна. Ингэхээр хэн ажил хийгээд байна вэ гэдэг ард түмэнд харагдаж байгаа биз.

 

 

ЯРИЛЦСАН:

Б.АРИУНЗАЯА

 

 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна