УИХ тарах нь ХЭНД АШИГТАЙ вэ... 

Админ
2019/09/17


Улс төрийн орчин буцалж байна. Үндсэн хуулийн өөрчлөлттэй холбоотой “хэрүүл”  ард нийтийн санал асуулгаар үргэлжилж, Ерөнхийлөгчийн далд санаархалыг илчилсэн нь гал дээр тос нэмчихлээ.  Ард нийтийн санал асуулгыг ирэх аравдугаар сарын 30, 31-нд зохион байгуулахаар УИХ-аас тогтоолын төсөл баталсан. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын зүгээс цаашид Монгол Улс Ерөнхийлөгчийн засаглалтай, эсвэл парламентын засаглалтай байх уу гэдгийг ард нийтийн санал асуулгаар асуух шаардлагатай хэмээн үзэж, УИХ-ын даргад тогтоолын төсөл өргөн барьсан нь ийнхүү талцуулахад хүргэсэн. Гэвч энэ сэдвийн хажуугаар өнгөрсөн амралтын өдөр УИХ-ын дарга Г.Занданшатар УИХ-ыг тараах асуудлыг хөндсөн нь улс төрийнхныг бүр “буцалгаж” орхилоо. 


УИХ-ыг тарах, тараах тухай асуудал мэр сэр яригддаг л байсан. Ялангуяа уг асуудлыг Х.Баттулга Ерөнхийлөгчөөр сонгогдсон даруйдаа удаа дараа тавьсан. Тодруулбал Ерөнхийлөгч Х.Баттулга 2018 оны аравдугаар сарын 29-ний өдөр УИХ-ын бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй гэж үзэж өөрөө тарах шийдвэр гаргахыг тэр үеийн УИХ-ын дарга М.Энхболдод хүргүүлж байсан бол өнгөрсөн тавдугаар сард дахин парламентыг өөрөө тарах эрх зориг гаргана гэдэгт итгэж байгаагаа мэдэгдэж байсан.


Хэдийгээр Ерөнхийлөгч удаа дараа мэдэгдэж байсан ч гишүүд үл тоож, “Ерөнхийлөгч огцрох үндэслэлээ хангачихсан. Ерөнхийлөгчийг огцорно гэвэл дараа нь УИХ таръя”  гэцгээж байсан тэд яагаад өнөөдөр гишүүдээ лоббидож, гарын үсэг цуглуулах “аян” зарлав?   


Хэлэхэд маш амархан. Ж.Эрдэнэбатын Засгийн газар нь ашиг сонирхлын зөрчлөөр асар их үнийн дүнтэй концессын гэрээнүүдийг Засгийн газрын гишүүд болон УИХ-ын гишүүдийнхээ хамаарал бүхий компаниудтай байгуулсан, УИХ-ын 39 гишүүн нь тангаргаа умартан төрийн албаны ёс зүйг уландаа гишгэж ЖДҮ-чин болсон, төрийн албыг наймаалцаж, 60 тэрбум төгрөгөөр төрийн эрх мэдлийг хууль бусаар авахыг завдсан, УИХ-ын гишүүд нь хуулийг өөрийн эрх ашигт нийцүүлэх замаар гэмт этгээдүүдийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх нэрийдлээр хуулийн хариуцлагаас мултрах боломжтой болгосон мөн гишүүд нь хүчин хүн амины хэрэгт нэр холбогдох, авлигалын гэм хэрэгт сэрдэгдэх нь улам бүр даамжирсан гээд тоочоод байвал үргэлжлээд л байх уртаас урт жагсаалт ард түмний толгойд байгаа учир “зовлонгийн хурдан, жаргалын удаан” гэдгийг тооцоолж.


Улмаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэнгийн албан бланк дээр ээлжит бус сонгууль явуулахыг дэмжиж, УИХ-ын 40 гаруй гишүүн гарын үсгээ зураад байна. Үлдсэн 10 гаруйхан гишүүдтэй “тойрог амлах” зарчимаар тохиролцож байгаа гэх. Холбогдох хуулийн дагуу ээлжит бус сонгууль явуулах саналыг УИХ-ын гишүүдийн гуравны хоёр нь дэмжсэн тохиолдолд буюу 51 гишүүн дэмжсэн тохиолдолд УИХ-д өргөн мэдүүлж, хэлэлцүүлэх боломжтой болох юм. 

 

Тэгэхээр энэ удаагийн УИХ тарвал хэнд ашигтай вэ гэдэг асуулт яах аргагүй хариулт нэхнэ. Мэдээж эрх баригчдад ээлтэй. Тэд нэгдүгээрт эрх зүйн чадамжгүй гэгддэг УИХ-аа тараасан гэдгээр “очков” авна. Хоёрдугаарт ЖДҮ, 60 тэрбум, концесс гээд муу муухайнаасаа хормын дотор сална.  Тиймээс нэр нүүр “баастдсан” гишүүдтэйгээ хариуцлага тооцоод, гуравдугаар ээлжнийхний улстөрийн тоглоомд оруулах нь эрх баригчдын тоглоомын дүрэм юм. 

 

Б.Өрнөх

Tovch.mn


 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна