Сүхбаатар дүүргийн 1 дүгээр цэцэрлэгийн дөрвөн хүүхэд цусан суулгын халдвар авчээ

Админ
2019/09/17

Хичээлийн шинэ жил эхлээд удаагүй байгаа энэ үед цэцэрлэгийн насны хүүхдүүд цусан суулгын халдвар авсан байна. Тодруулбал Сүхбаатар дүүргийн 1 дүгээр цэцэрлэгийн ахлах А, бэлтгэлийн Б бүлгийн 4-5 насны 4 хүүхэд 09 дүгээр сарын 13-15-ны өдрүүдэд ХӨСҮТ-д ханджээ. Тэд гэдэсний халдварт өвчин буюу цусан суулгын халдвар авсан нь тогтоогдсон байна. Тус цэцэрлэгт Сүхбаатар дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсээс  халдварыг таслан зогсоох, сэргийлэх арга хэмжээг Халдвар судлалын үндэсний төв, Нийслэлийн Эрүүл мэндийн газартай хамтран зохион байгуулж, хяналт шалгалт явуулжээ. 


Шалгалтын явцад хичээлийн I дүгээр байр нь 09 дүгээр сарын 16-ны байдлаар хэрэглээний халуун усаар хангагдаагүй, цэцэрлэгийн гал тогоонд цэвэр усны хоолойнд шүүлтүүргүй, угаагуурын хэсэгт тос баригч байхгүй, “Багачууд хүнс” ОНӨААТҮГ-аас нийлүүлсэн хүнсний бүтээгдэхүүний шинжилгээний бичиг хангалтгүй/ дутуу/, бүлгийн багш, гал тогооны ажилчдын гар угаах цэгт халдваргүйжүүлэх бодис байхгүй, дотоод хяналтын журам мөрдөгддөггүй зэрэг зөрчил илэрсэн байна.


Мөн цэцэрлэгийн 2 гал тогоонд хэрэглэгдэж буй ундны уснаас 2 дээж, аяга, таваг, халбага, сэрээ, ажлын ширээ, ажлын хувцас зэргээс нийт 20 ш арчдас, хүнсний бүтээгдэхүүнээс 12 ширхэг сорьц, 2019 оны 09 дүгээр сарын 13 өдрийн хоолны 8 дээж зэргийг авч НМХГ-ын Төв лабораторийн шинжилгээнд хамруулжээ. Шинжилгээний хариу 72 цагийн дараа гарах аж.


Тиймээс прокурорын зөвшөөрлөөр өвчлөл гарсан 2 бүлгийн үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоож, голомтын халдваргүйтгэлийн арга хэмжээг авч ажиллаж байгаа аж. Илэрсэн зөрчлийг үндэслэн Зөрчлийн тухай хуулийн 6.17 дугаар зүйлийн 8 дах заалтыг үндэслэн Зөрчлийн хэрэг нээж зөрчил хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байна. 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна