Зочид буудлуудын цагаан хэрэглэлээс гэдэсний бүлгийн савханцар илэрчээ

Админ
2019/09/19

НМХГ-аас Нийслэлд үйл ажиллагаа явуулж буй 90 зочид буудал, 39 дэн буудал нийт 129 аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд төлөвлөгөөт хяналт шалгалт хийжээ.  Шалгалтад хамрагдсан газруудыг “Зочид буудлын эрүүл ахуйн нөхцөл шаардлагыг шалгах хяналтын хуудас”-аар үнэлхэд 8 буюу 6.2% нь их, 92 буюу 71.3% нь дунд, 29 буюу 22.5% нь бага эрсдэлтэй гарсан байна.

 

Шалгалтын явцад 393 зөрчил илрүүлж, 348 заалттай 73 албан шаардлага болон эрх бүхий албан тушаалтны 49 албан даалгавраар хугацаатай үүрэг өгч, нийт 51 аж ахуйн нэгж, иргэнд 29600.0 мянган төгрөгийн шийтгэвэрийн арга хэмжээ ногдуулжээ. 

 

Түүнчлэн дээрх зочид буудлуудад эрүүл зүйн нян судлалын шинжилгээнд хамруулахад зочин хүлээн авах өрөөний цагаан хэрэглэл, алчуур, улавч, аяга таваг зэрэг эд зүйлсээс 500 гадаргуугийн арчдас авч НМХГ-ын Төв лабораторид шинжлүүлэхэд 142 арчдаст буюу 28.5%-д нь гэдэсний бүлгийн Enterobacter spp, E.coli савханцар илэрчээ. Мөн дэн буудлаас авсан нийт арчдасын 39.2%-д нь ч мөн гэдэсний бүлгийн Enterobacter spp, E.coli савханцар илэрсэн байна.

 

Түүнчлэн унд ахуйн усны чанар, аюулгүй байдалд үнэлгээ өгөх зорилгоор 61 зочид буудал, дэн буудлаас усны 122 дээж авч хими, нян судлалын үзүүлэлтээр шинжилгээ хийлгэжээ.  Хоёр дээжинд нянгийн тоо стандартад заасан нормоос их гарсан тул зочид буудлын усны шүүлтүүрийг шинэчлүүлж, ус хадгалах савыг угаалгаж, халдваргүйжүүлэлт хийсэн байна.
 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна