ЕРӨНХИЙЛӨГЧИЙГ ЭЗГҮЙ ХОЙГУУР...

Админ
2019/09/23

Ерөнхийлөгч Х.Баттулга Бүгд Найрамдах Энэтхэг улс /БНЭУ/-ын Ерөнхийлөгч Рам Натх Ковиндын урилгаар энэ сарын 19-23-ны өдрүүдэд тус улсад төрийн айлчлал хийж байна. Хэдийгээр Ерөнхийлөгч ийнхүү эзгүй байгаа ч түүнийг тойрсон улстөр өрнөсөөр байна. 
Өнгөрсөн долоо хоногийн сүүлээр УИХ-ыг тараах асуудалтай зэрэгцээд Ерөнхийлөгчийн зүгээс Ард нийтийн санал асуулга явуулах, Үндсэн хуулийн өөрчлөлтийн эхийг батлах УИХ-ын тогтоолд хориг тавилаа. Тодруулбал “... Ард нийтийн санал асуулгыг хууль зүйн ийм илэрхий зөрчилтэйгөөр явуулж, ард түмнээ хууль бус үйл ажиллагаанд татан оролцуулах нь Үндсэн хуулийн дархлааг үгүй хийх, хууль дээдлэх ёсыг устгах, улмаар улс орны аюулгүй байдалд сөрөг нөлөө үзүүлэх муу үр дагавартай тул зөвшөөрөх аргагүй юм...” хэмээн хоригт дурдагджээ. 

 


Хуулиараар хоригийг хоригийг 14 хоногийн дотор хэлэлцэх хуультай. Энэ долоо хоногт УИХ-ын чуулганаар Ард нийтийн санал асуулга явуулах хугацааг зарлан тунхаглах тогтоолын төслийг хэлэлцэн батлахаар төлөвлөсөн. Ингэхдээ Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах эсэхийг бас хэлэлцэх ёстой болж байна. Өмнө нь Ерөнхийлөгч УИХ-аар хэлэлцэн баталсан хуулийн төсөл, бусад асуудалд хэдэнтээ хориг тавьж байсан ч УИХ хүлээж авсан нь цөөн. Гэвч энэ удаагийн хоригийг ч мөн хүлээн авах уу, эс авах уу гэдгээс шалтгаалж улстөрийн цаашдын “дүр зураг” зурагдах нь.   


Ерөнхийлөгч ийнхүү хориг тавьсан ч, Үндсэн хуулийн Цэц Ерөнхийлөгчийг хориглож чадах уу гэдэг асуулт давхар гарч ирлээ. Тодруулбал Үндсэн хуулийн эрх зүй судлаач Д.Үүрцайх ХҮН намын залуустай хамтарч Ерөнхийлөгч Х.Баттулгыг өргөсөн тангарагаасаа няцаж Үндсэн хууль зөрчсөн хэмээн үзэж Цэцэд гомдол гаргажээ.

 

Тухайлбал, УИХ-ын нэгдсэн чуулганаар Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёрдугаар хэлэлцүүлгийг хийж дуусгаснаар ард нийтийн санал асуулга явуулахаар болсон. Гэтэл Ерөнхийлөгчийн зүгээс ард нийтийн санал асуулгад  “Монгол Улс парламентын засаглалтай байх уу эсвэл ерөнхийлөгчийнх үү” байх уу гэх асуултыг нэмэлтээр оруулъя гэсэн нь олныг гайхшируулаад авсан. Хүний эрээн дотроо гэгчээр Ерөнхийлөгчийн далд санаархал асуулгаар гарч ирлээ гэх хүмүүс ч байсан. Эрх баригчид хүртэл үүнийг эсэргүүцэж байгаа ч Ерөнхийлөгч өөрийнхөө энэхүү тогтоолын төслийг УИХ-ын даргад өргөн барьчихсан. “Миний асуултыг оруул эс бөгөөс хориглоно” гэх Ерөнхийлөгчийн энэ тулгалтыг хуульчид эсэргүүцэж  “Төрийн тэргүүн Үндсэн хуульд тэрсэлсэн үйлдэл гаргаснаараа огцрох болзлоо хангалаа” хэмээн ийнхүү Цэцэд хандах болсон нь энэ юм. 
 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна