Ц.САНДУЙ САНДАРЧ ЭХЭЛСЭН НЬ УЧИРТАЙ...

Б.Ариунзаяа
2019/09/23

Нэгэн үед “МАН”-даж явсан М.Энхболд тэргүүтэй Ц.Сандуй нар өдгөө ус балгасан юм мэт бүгд л таг. Харин ойрноос Ц.Сандуй “хэлд орж” олон жил нэрнийх нь өмнө зүүгдээстэй байсан “Хоум плаза”-г өөрөөсөө холдуулав. Хоёр жилийн турш эрх баригч намынхаа эсрэг мэдээллүүдийг чимээгүйхэн шейр хийж ирсэн хаягаараа “Хоум Плаза-н барилгыг надтай холбож минийх мэтээр холбон гүтгэж харлуулах ажиллагаа хэрээс хэтэрлээ. Би барагтай жижиг харлуулах зүйлс дээр юм дуугардаггүй. Цаг хугацаа үнэн мөнийг дэнслэнэ хэмээн итгэж хүлээцтэй ханддаг.  Би хариуцлагатайгаар хэлье. Наад барилга чинь надтай огт хамааралгүй. Худлаа мэдээллээ зогсооно уу. Мөн тус байгууллагын удирдлагуудаас нийгэмд үнэн зөв мэдээлэл өгөхийг хүсье. Танайхтай нэр холбогдсоор удлаа. Одоо залхаж байна шүү!!!” гэх омогтой үгс чулуудсан нь эгээтэй л сошиал тренд болчихоогүй. 


Тэгвэл Ц.Сандуй өнөөдөр “Цензургүй яриа” нэвтрүүлэгт орох талаараа “Хоёр жилийн өмнөх яг энэ өдөр НИТХ-н даргын индэр дээрээс энэ үгийг хэлээд ёс зүйн хариуцлага хүлээж ажлаа өгч байжээ. Үүнээс хойш огт үг дуугарч байсангүй ээ. Надад Цензургүй яриа нэвтрүүлэгт орох урилга хүргүүлжээ” гэжээ.

 

Удтал чимээгүй байсан тэрбээр яагаад “амь оров” гэдэг асуулт сонирхол татна. Гэхдээ цаг хугацааны давхцал нь таарсан уу түүнд хамаарах хэргийн шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлэг энэ долоо хоногт товлогджээ.  


Тодруулбал 60 тэрбумын гэх тодотголтой хэргийн гэм буруугийн шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлэг энэ сарын 26-нд Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болохоор зарлагджээ. Магад энэ түүний “хэлд орсон” шалтгаан ч байж мэднэ. Учир нь Ц.Сандуй, А.Ганбаатар нар 2002 оны Эрүүгийн хуулийн тусга ангийн 82.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдээд буй. Хэрэв Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах хуйвалдаан зохион байгуулсан нь нотлогдвол 16-20 жилийн ялаар шийтгэх заалттай. Тиймээс урьдчилсан хэлэлцүүлгээс урьтаж, олон түмний санаа бодлыг эргүүлэх “тактик” өвөрлөж явааг үгүйсгэх аргагүй юм. 


Эргэн сануулахад, Ц.Сандуй, А.Ганбаатар нар нь төрийн албаны ахлах мэргэжилтнээс дээших бүх албан тушаалыг зарах төлөвлөгөөг намын дарга М.Энхболдод танилцуулж буй аудио бичлэг өнгөрсөн сонгуулийн үеэр цацагдсан билээ.  Уг бичлэгт УИХ-ын дарга асан М.Энхболд, нийслэлийн МАН-ын дарга асан Ц.Сандуй, "Шинэ Монгол хаад" группийн захирал А.Ганбаатар нарын 60 тэрбум төгрөг босгох схем ярилцсан байдаг.  Тодруулбал, 2014 оны наймдугаар сарын 1-нд "Шинэ Монгол хаад" группийн захирлуудын зөвлөлийн хурлаас тус компанийн гүйцэтгэх захирал А.Ганбаатарыг иргэн Г.Доржзодовтой контрактын гэрээ байгуулж, Стратеги хариуцсан албан тушаалд томилохыг үүрэг болгосон гэдэг. Г.Доржзодов албан тушаалдаа томилогдоод удаагүй байхад нийслэлийн МАН-ын 2014-2016 оны бүтэц зохион байгуулалт, мөн 2016 оны УИХ-ын сонгуулийн МАН-ын төв штабын бүтэц, зохион байгуулалт, сонгуулийн санхүүжилтийн схем зэргийг нэгтгэн үзүүлэх илтгэл боловсруулах ажилд туслуулжээ. Үүний дагуу Ц.Сандуй, А.Ганбаатар нар дээрх 60 тэрбумын схемыг танилцуулж буй бичлэг нь олон нийтэд ил болсон билээ.
 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна