Монгол брэнд “БЕСТ БУЙДАН” 15 ЖИЛ

Админ
2019/09/24

Үйлдвэрлэлдээ шинэ техник технологийг үе шаттайгаар нэвтрүүлсээр ирсэн Монголын үндэсний манлай үйлдвэрлэгч “Бест буйдан” компанийг бид энэ удаагийн “Монгол брэнд” буландаа онцолж байна. 2004 онд дөрөвхөн хүний бүрэлдэхүүнтэй тавилга, буйдангийн засвар үйлчилгээний цехээс ажлын гараагаа эхэлж байсан тус компани өдгөө 3000 гаруй ам дөрвөлжин метр талбай бүхий үйлдвэртэй, 300 гаруй ажилчидтай үндэсний томоохон үйлдвэрлэгч болтлоо өсөн дэвжсэн амжилттайгаар 15 жилийн ойгоо угтаж байна. “Бест буйдан” ХХК нь үйл ажиллагаагаа эхлүүлсэн цагаасаа хойш Монгол Улсад импортыг орлох бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж зах зээлд эзлэх байр сууриа алхам алхмаар тэлсээр ирсэн юм.

 

Өнөөдрийн байдлаар тус компани буйдан болон тавилга үйлдвэрлэл, худалдаа, засвар үйлчилгээ гэсэн үндсэн чиглэлтэйгээр өөрсдийн бүтээгдэхүүн, үйлчилгээг хэрэглэгчдэд тасралтгүй, найдвартай хүргэж байна. Тэд Улаанбаатар хот дахь гурван салбар, хөдөө орон нутаг дахь долоон гэрээт борлуулагчаараа дамжуулан жилд 15000 буйдан, 2000 гаруй тавилгыг эх орондоо борлуулдаг аж. Мөн бизнесийн хамтын ажиллагааны хүрээнд Хятад улсын “Хэбэй Чан Ань хуванцар”, “Хун Янь арьс”, “Оү Нүо Яа нэхмэл”, Оросын “Винилтекс”, “Люмитекс” компаниудтай түншлэн ажиллаж байна.

 

Өндөр технологи дээр суурилсан үндэсний үйлдвэрлэлийг хөгжүүлэх нь Монголын хөгжлийн гарц гэдгийг бид дор бүрнээ ярьж төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлсээр ирсэн ч хөрсөн дээр буусан дорвитой ажил ховор. Харин “Бест буйдан” компанийг үүсгэн байгуулагч Ү.Батбаяр захирал мод, төмөр эвлүүлэн өөрийнхөө бодож санаачилсан загвараар буйдан хийхээр оролдож, анхны бүтээлээ ар нуруун дээрээ үүрэн явж зах дээр борлуулж хөдөлмөрийн амтыг мэдэрсэн нэгэн. Тэрээр бэрхшээлийг бэлэг болгон хүлээн авч хэвшсэн сэтгэлийн тэнхээгээр өнөөдрийнхөө амжилтыг өөрийн гараар тарьж чадсан юм. Тиймээс ч нийгмийн хариуцлагаа асар сайн ухамсарлаж хийж бүтээж буй бүхэндээ сэтгэл зүтгэлээ шингээдэг хөдөлмөрийн сахилга бат сайтай үнэнч хамт олныг хэдийнэ бүрдүүлж амжжээ. “Үргэлж шилдэг нь байцгаая” хэмээх уриатай “Бэст буйдан” компаний хамт олон өөрийн цахим хуудсаар дамжуулж “Биднийг ажилтай орлоготой байлгаж байгаа Монгол хүн таньд баярлалаа” хэмээн хэрэглэгчиддээ талархал илэрхийлсэн нь тэдний бизнесийн эерэг хандлагыг олон нийтэд тунхагласан содон мэндчилгээ байсан юм. Худалдан авагчиддаа талархаж хэрэглэгчдийнхээ үнэ цэнийг ухамсарлаж чаддаг байх нь компаний бизнесийн хариуцлага мөнөөс мөн…


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна