Ц.Сандуй У.Хүрэлсүхээс өршөөл хүсэв үү

Админ
2019/09/24

Алдарт 60 тэрбум төгрөгийн хэрэгт холбогдогч Нийслэлийн МАН-ын дарга асан Ц.Сандуй ам нээж, энэ сэдвийг дахин нийгмийн анхааралд оруулав. Түүний энэ үйлдэл цаанаа хэд хэдэн шалтгаантай гэж хэлж болно. Ирэх пүрэв гарагт 60 тэрбумын хэрэгт холбогдогчдын шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлэг Баянгол дүүргийн Эрүүгийн анхан шатны шүүх дээр болно. Хэлэлцүүлгээр тус хэргийн шүүх хурлын товыг тогтоно. Өөрөөр хэлбэл хэргийн шүүх хурал тун удахгүй товлогдох тул үүнээс урьтаж, нийгмийн сэтгэлзүйг эргүүлэх зорилго өвөртөлж буйн лавтай.

 

Нөгөөтэйгүүр өнөөгийн улс төрийн үйл явц ч нөлөөлсөн байх талтай. Үндсэн хуульд өөрчлөлтөөс Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нар үл ойлголцсон байх тал бий. Үүнийг батлах мэт Ерөнхийлөгч Х.Баттулгын бараг хувийн хэвлэлийн төлөөлөгчөөр ажилладаг Б.Мөнхбаясгалан Ц.Сандуйг өөрийн нэвтрүүлэгтээ урьж, У.Хүрэлсүхыг “хусуулсан” нь тавилттай жүжиг гэж харагдахаар байгаа юм. 


Хэдийгээр бүх зүйл зохиолын дагуу явагдсан ч самбаа сайтай Ц.Сандуй намын даргаасаа өршөөл хүсэхээ мартсангүй. Тэрбээр нэвтрүүлгийн дундуур гартаа ташуур барин “  МАН-ын өнөөдрийн хуваагдал 2013 оны У.Хүрэлсүх, Н.Номтойбаяр хоёрын хагарлаас эхлэлтэй.  Би тэр үед Н.Номтойбаяртай муудалцан барин тэднийг эвлүүлэх ажиллагааг хийсэн.  Тэр үед У.Хүрэлсүх намайг дуудаж, “Чи намдаа их гавьяа байгууллаа. Ах нь чиний гурван алдааг өршөөнө. Намын дарга хүн хааяа ч гэсэн хүмүүст ташуур өгч бай” гээд надад энэ ташуурыг бэлэглэсэн” хэмээв. Өөрөөр хэлбэл мань эр үүгээрээ МАН-ын дарга У.Хүрэлсүхэд эртний нэгэн амлалт байгаа шүү гэдгээ санууллаа. Харин У.Хүрэлсүх түүнийг өршөөх эсэхийг цаг хугацаа харуулах бизээ. 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна