Биокомбинат УТҮГ-ын 20 гаруй ажилчин химийн бодист хорджээ

Админ
2019/09/25

Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо, Биокомбинат УТҮГ-ын 20 гаруй ажилчин химийн бодисд хорджээ. Тус мэдээллийн дагуу МХЕГ-аас газар дээр нь ажиллаж, үйлдвэрийн газрын даргын тушаалаар Ажлын хэсэг байгуулан ариутгал, халдваргүйтгэлийн ажлыг энэ сарын 20-ны өдөр хийсэн байна. Улмаар 09.23-24-ний өдрүүдэд үйлдвэрийн ажиллагсадаас дотор муухайрах, гүйлгэх, суулгах, толгой өвдөх, даралт ихсэх, бие дээр тууралт гарах зэрэг зовиуртайгаар 20 хүн үйлдвэрийн эмчид хандан хордлого тайлах эмчилгээ хийлгэж, 60 орчим хүн тандалтад хамрагдсан байна.

 

Иймд МХЕГ-аас хордлогод өртсөн байж болзошгүй ажилтнуудыг Хордлогын яаралтай тусламжийн үндэсний төвд яаралтай үзүүлэх, ажлын байруудад агааржуулалт хийх, байгууллагын үйлдвэрийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх орон тооны бус комиссыг яаралтай хуралдуулж,  хордлогын мөрөөр арга хэмжээ авах талаар үүрэг өглөө.

 

Ариутгал, халдваргүйтгэлд ашигласан гэх бодис нь зөвшөөрөгдсөн бодис байсан бөгөөд Мэргэжлийн хяналтын байгууллагаас хордлогын шалтгаан, нөхцлийг тодруулахаар ажиллаж байна.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна