Д.Тогтохсүрэн: Миний бланк дээр УИХ-ыг тараах гарын үсэг зурсан зүйл байхгүй, МАН-ын бүлгээс шийдвэр гараагүй

Админ
2019/09/25

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн сэтгүүлчдэд цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө. Ингэхдээ УИХ дахь МАН-ын бүлгээс УИХ-ыг тараах албан ёсны шийдвэр гараагүй гэлээ. Д.Тогтохсүрэн энэ талаар, “Миний бланк дээр УИХ-ыг тараах гарын үсэг зурсан зүйл байхгүй гэдгийг хэлье. Хоёрдугаарт, гишүүд албан ёсоор гарын үсэг зурсан зүйл байхгүй. Гишүүдийн зүгээс Ард нийтийн санал асуулгатай хамт УИХ-ын ээлжит бус сонгуулийг явуулчихвал яасан юм бэ.


Энэ нь нэг талаас зардал хэмнэнэ. Нөгөө талаас УИХ-тай холбоотой шүүмжлэл их байна гэсэн зүйл ярьж байгаа. Гэхдээ албан ёсоор МАН-аас ч юм уу, УИХ дахь МАН-ын бүлгээс ч юм уу гаргасан шийдвэр байхгүй. Миний хувьд гарын үсэг зурсан асуудал байхгүй. Хэрвээ 51 гишүүн үнэхээр гарын үсгээ зураад УИХ-ын даргад өргөн баривал асуудлыг хэлэлцэнэ. Гэхдээ улс төрийн нөхцөл байдал өөрчлөгдөж байна. Үндсэн хуулийн эхийг баталсан. Ард нийтийн санал асуулга явуулах тогтоолд Ерөнхийлөгч хориг тавьсан.


Тиймээс ойрын үед бүлгийн хуралдаанаар хоригийг авч хэлэлцэнэ. Хоригийг намын бүлэг хуралдаж байж шийдвэр гаргана. Мөн энэ сарын 25-ныг хүртэл гишүүдийг тойрогтоо ажиллах чиглэлийг УИХ-ын даргын зөвлөлөөс өгсөн. Энэ дагуу гишүүд тойрогтоо ажиллаж байна” гэлээ. 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна