Гомдогсод Хотын даргаа огцруулна гэв үү

Админ
2019/09/26

Өнгөрсөн зургадугаар сард Хотын дарга  С.Амарсайхан Нийслэлийн харьяа орон сууц нийтийн аж ахуйн удирдах  газрын дарга Ж.Батсайханыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх захирамж гаргасан билээ. Тус захирамжинд “гомдсон” Ж.Батсайхан Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдын хуралд С.Амарсайхныг огцруулах санал гаргаж байсан ч бүтэлтэй зүйл болоогүй. Тэгвэл өнөөдрийн НИТХ-аар Хотын даргыг огцруулах асуудлыг хэлэлцэнэ гэх мэдээлэл зарим хэвлэл, мэдээллийн хэрэгслээр гараад байна. Өөрөөр хэлбэл Ж.Батсайханы гомдол дуусаагүй бололтой. Өнгөрсөн зургадугаар сараас эхлэн цуглуулж эхэлсэн албан бичгээ өнөөдөр хүчин төгөлдөржүүлж өгөхөөр шийдсэн гэнэ. Тус бичигт одоогоор 10 төлөөлөгч гарын үсэг зурсан бөгөөд хэрэв 15 хүрвэл Р.Дагвад өргөн барьж хэлэлцүүлнэ гэх. 


Түүний огцруулах саналыг хотын даргад гомдогсодын нэг НИТХ-ын төлөөлөгч С.Мөнхчулуун дэмжиж байгаа аж.  “НИТХ хуралдаж чадахгүй байна. Нийслэлд хийгдэх бүтээн байгуулалтын ажлуудаас 100 хувийн гүйцэтгэлтэй ажил нэг ч алга. Нийслэлийн удирдлагууд нийслэлчүүдийн тулгамдсан асуудлуудыг шийдэж чадахгүй нь тодорхой байна. НИТХ тарж, нийслэлийн удирдлагууд огцорч УИХ-тай цуг сонгуулиа хийе” хэмээн байр сууриа илэрхийлж байна.


Гэвч НИХ-ын төлөөлөгчид хотын даргыг огцруулах акц эхлүүлсэн гэх мэдээллийг Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтcийн дарга Ц.Мөнхбаатар үгүйсгэлээ. “Одоогоор НИТХ-аар хэлэлцэхээр төлөвлөсөн асуудлуудаа хэлэлцэж байна. НЗД-ыг огцоруулах тухай болон тийм утгатай албан бичиг ч өргөн баригдаагүй байна” гэлээ. 


Хүйтний ам наашилж, хөхүүрий ам цаашилж байгаа энэ үе нийслэлчүүдийн хувьд тун чухал мөчлөг. Энэ үед НИХТ-чид 1,5 сая иргэнийг хэрхэн аятай тухтай өвөлжүүлэх вэ, агаарын бохирдолоо хэрхэн шийдвэрлэх вэ, замын бүтээн байгуулалт хаана өрнүүлж, түгжрэлээ хэрхэн цэгцлэх вэ зэрэг нэн тулгамдсан асуудлуудаа шийдвэрлэх учиртай. 


Өнөөдрийн хуралдаанаар гэхэд л Засгийн газрын 62 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд авч хэрэгжүүлж буй арга хэмжээний тухай, Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний концепцийг дэмжих тухай, тогтоолд өөрчлөлт оруулах тухай гэсэн гурван асуудлыг хэлэлцэнэ. Гэтэл зарим нэг төлөөлөгчид тунирхалаа барьж дийлэхгүй албан тушаалтантай зууралдах нь хэр зохимжтой вэ.


НИХТ гэдэг бол сонгогдсон иргэдийн асуудлыг төрд дамжуулах, шийдвэрлүүлэх үүрэгтэй үйлчилгээний “ажилтан”. Тэрнээс өөрийнх нь эрх ашиг хөндөгдөнгүүт албан бичиг барьж, гомдолоо тайлах эрх тэдэнд байхгүй баймаар...!


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна