Ж.Батзандан: Энэ нууцыг задалсныхаа төлөө шоронд орох ёстой бол оръё

Админ
2019/10/10

УИХ-ын гишүүн Ж.Батзандан мэдээлэл хийж, ОУПХ-ны зөвлөмжийн дагуу УИХ-аас С.Зоригийн хэргийг шийвэрлэсэн талаар санал дүгнэлтийг  танилцууллаа. ОУПХ-ны дэргэдэх Хүний эрхийн хорооноос Монгол Улсад 2019 оны 6-р сарын 5-7ны өдрүүдэд ажилласан тайлангаа өнгөрсөн 9 дүгээр сарын 6-нд Төрийн гурван өндөр болоод хууль хяналтын удирдлагууд, түр хорооныхонд илгээжээ. Гэтэл УИХ-ын Гадаад харилцааны хэлтэс тус дүгнэлтийг түр хорооны гишүүдээс сар гаруй нуусан байна. Учир нь хэд хоногийн өмнө тус хэлтсийн дарга нь өөрчлөгдсөнөөр дүгнэлт ийнхүү гишүүдийн гар дээр очжээ.

 

Хамгийн сонирхолтой нь Түр хорооны гишүүд уг дүгнэлтийг аваад хуралдаж байх хооронд нууцын тамга даржээ. Өөрөөр хэлбэл Түр хорооны гишүүдэд имейл хаягаар ирсэн захиаг Төрийн нууцад оруулсан байна. Энэ талаар Ж.Батзандан “Энд нууц юм байхгүй. С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэрэгт гурван хүн ял авсан. Гурван шатны шүүхээр ороод шийдвэр нь гарсан. Тухайн хэргийн 98 хувийг Засгийн газар нууцаас гаргачихсан. Гэтэл энэ материалтай холбогдуулан гаргасан ОУПХ-ны Хүний эрхийн хороо дүгнэлтийг нь нууцалчихсан байна.  Хууль хяналтын байгууллагынхан 30 жил хууль бус ажиллагаагаа ард түмнээс нууж ирсэн. Одоо хангалттай. Тиймээс түр хорооны гишүүд Төрийн нууцыг задлах гэж байна. МАНАН-гийнхан нууц тоглодог юм байна. Тэгвэл МАНАН-тай тэмцэгчид ил болгож тоглоно.

 

Л.Болд гишүүн бид хоёрт ТЕГ-ынхан хоёр удаа эрүүгийн хэрэг үүсгэх гэж оролдсон. Чимгээд архи өгч мэдүүлэг авсан байна гэж мэдэгдсэний төлөө Б.Хурц болон түүний өмгөөлөгч эрүүгийн хэрэг үүсгүүлэхээр өгсөн боловч, төрийн нууц биш байна гээд хэрэгсэхгүй болсон. Зурагтаар эрүү шүүлтийн бичлэгийг үзүүлснийхээ төлөө эрүүгийн хэрэг үүсгэх гэж оролдсон. Бичлэг нь нууцаас гарсан байна гээд бас хэргийг хаасан. Одоо хууль бусаар нууцад хамааруулсан дүгнэлтийг уншиж танилцуулна. Үүнийхээ төлөө шоронд явах ёстой бол шорондоо явъя. Хэрэгт орох ёстой бол оръё” гэлээ.

 


 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна