ОХУ-ын иргэн Г.В.В-ийн гар тээшнээс 150 мянган ам.доллар буюу 400 гаруй сая төгрөг илэрчээ

Админ
2019/10/10

Буянт-Ухаа дахь “Чингис хаан” олон улсын нисэх буудалд өнгөрсөн шөнө Сөүл-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн зорчигч ОХУ-ын иргэн Г.В.В-ийн гар тээшнээс их хэмжээний бэлэн валют илэрчээ. Тухайн иргэн нь гаалийн өндөр эрсдэлтэй зорчигчийн санд бүртгэлтэй байсан учраас гаалийн мэргэжилтнүүд биечлэн шалгалт хийсэн байна.

 

Улмаар 150 мянган америк доллар буюу өнөөдрийн ханшаар 400 сая гаруй төгрөг бэлнээр авч явсан нь тогтоогдсон байна. Энэ нь Зөрчлийн тухай хуулийн 11.29 дүгээр зүйлийн 22-ын 22.1 дэх заалтыг зөрчсөн үйлдэл тул Буянт-Ухаа дахь Гаалийн газрын Зөрчилтэй тэмцэх хэрэг бүртгэх алба шалгаж байгаа юм байна.

 

Мөн дээрх иргэн нь Гаалийн байгууллагад үнэн зөв мэдүүлэг гаргахаас зайлсхийсэн тул авч явсан валютыг хурааж, дээрээс нь валютын үнийн дүнгийн 15 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгожээ. Дашрамд, “Гаалийн тухай хууль”-иар Монгол Улсын хилээр 5 сая хүртэл төгрөгтэй тэнцэх хэмжээний валютыг, “Мөнгө угаах болон террорикмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хууль”-д 15 сая төгрөг хүртэл болон түүнтэй тэнцэх хэмжээний валютыг зорчигч Гаальд заавал мэдүүлэх үүрэг хүлээдэг гэдгийг гаалийн байгууллагаас анхааруулж байна.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна