Н.Анхбаяр: Эрдэнэт үйлдвэрт 300-400 мянган ам.долларын хөдөлгүүр нийлүүлж, ёсзүйгүй үйлдэл гаргасан нь үнэн

Админ
2019/10/11

Хуульзүйн дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийн хүү ГХЯ-ны Төрийн захиргаа удирдлагын газрын дарга Н.Анхбаяраас дараах зүйлийг тодрууллаа.


 
- Та өөрийгөө дипломат албанд албан тушаал ахиад явах мэргэжлийн хүн гэж бодож байна уу?


- Би дипломат албанд 2006 оноос хойш 13 жил ажиллаж байна. Өдийг болтол шинээр батлагдсан болон хуучин мөрдөгдөж байсан Төрийн албаны хуулийн шалгуурыг хангаад явж байна. 

 


-Таны томилгоон дээр аавын нөлөөлөл ордог уу?


- Юу гэж юм болгон дээр орох вэ дээ. Дипломат албанд олон ч газар ажиллалаа.  Энэ болгонд аавын нөлөөлөл орно гэж юу байхав. 

 


- Таны хувьд ааваас тань болж ажил үүргээ гүйцэтгэхэд төвөгтэй нөхцөл байдал үүсч байсан уу?


- Миний хийж байгаа ажил юм чинь тийм асуудал үүсдэггүй. 

 


- Монгол Улсаас Австри улсад суух онц бөгөөд бүрэн эрхт элчин сайдад та өөрийнхөө хүсэлтээр нэр дэвшсэн үү эсвэл Яамнаас дэвшүүлсэн үү?


- Яаман дээр элчин сайдаар ажиллах боломжтой хүмүүсийн судалгааг гаргасан. Яамны удирдлагын зүгээс санал тавигдаад явж байгаа ажил.

 


- Хөх хотын консулаар ажиллаж байсан Д.Мөнх-Эрдэнэ таны талаар нэлээд зүйлийг ярьсан?


- Д.Мөнх-Эрдэнэтэй холбоотой асуудлаар өөрийнхөө цахим хуудсаар тайлбараа өгчихсөн. Түүний хувьд өөрийнхөө болон Ерөнхий консулынхаа нэр дээр дөрвөн машин оруулсан.  Энэ нь БНХАУ-ын эрх бүхий байгууллагын шалгалтаар орж, Хятад иргэдэд зарсан байж болзошгүй байна гэсэн дүгнэлт гарсан. Тиймээс эрх ямбыг нь цуцлах хүсэлт тавиад манайхаас эгүүлэн татсан. Ийм л юм болсон. Өөр надад Мөнх-Эрдэнэтэй холбоотой асуудал байхгүй. 

 


-Дипломат алба гэж ямар алба байх ёстой юм бэ. Сүүлийн үед энэ салбарынхан ёсзүйгүй алдаа их гаргаж байна? 


- Үүссэн нөхцөл байдал үнэхээр харамсальай байна. Цаашдаа бид энэ тал дээр анхаарч ажиллах ёстой. Яамны хувьд УИХ болоод холбогдох байнгын хороодоос тодорхой чиглэлүүд өгөгдөөд энэ ажлууд хийгдээд явж байна. Манай сайдаас энэ талаарх нэмэлт мэдээллүүд болон улстөрийн бодлогынх нь талаар лавлах нь зөв байх. Өнгөрсөн долдугаар сарын 3-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаар Дипломат ажилтнуудын ёсзүйн болон сахилгын дүрмийг оруулж батлуулсан. Энэ дүрмэнд тодорхой заалтууд орсон. Хэрэв хилийн чанад ажиллаж байхдаа дипломат эрх ямбаа урвуулан ашиглавал дипломат албанаас хална. Мөн өнөөгийн энэ дурдагдаад байгаа зөрчил үйлдэгдвэл Гадаад харилцааны яам болон эрх бүхий хууль хяналтын байгууллага манайд хандвал бид тухайн хүнийг дипломат албанаас халах зохицуулалт хийсэн.

 

 
- Т.Энхсайхан гэх эмэгтэй таны аав болох Хуульзүйн сайд Ц.Нямдоржийн унаж байгаа машиныг хууль бусаар оруулж ирсэн гэх нэлээд ноцтой зүйл ярьдаг?


- Манай аавын хийж байгаа ажилтай нь холбогдуулаад олон нийтэд үндэслэлгүй худал мэдээлэл тарааж байна. Тиймээс Т.Энхсайхан гэх эмэгтэйг иргэний хэргийн шугамаар шүүхийн байгууллагад өгчихсөн байгаа. Үндэслэлгүй мэдээлэл тарааж, нэр төрд халдлаа гэх шалтгаанаар. Хоёрдугаарт, Энхсайхан гэх эмэгтэйн ярьж байгаа Лексус, Мөнхбат гэдэг хүний Лексус машины арлын дугаар нь өөр юм билээ. Энэ нь шүүхийн шатанд нотлогдоод бүх зүйл нь тодорхой болчих байлгүй дээ. 

 


- Та Эрдэнэт үйлдвэрт ямар бараа нийлүүлж байсан юм бэ?


- Энэ чинь олон жилийн өмнөх юм шүү дээ. Хангалттай энэ тухай ярьсан. Дахиад яриад яахав. 

 


- Аавынхаа нөлөөгөөр Эрдэнэт үйлдвэрт бараа нийлүүлдэг байсан нь үнэн юм уу?


- Би тийм ч олон удаа хийгээгүй. Тухайн үед төрийн албанд ажиллаж байгаагүй. Одоо ингээд харахад тэр бол ёсзүйгүй үйлдэл. Аав нь нийтийн болон улстөрийн албанд ажиллаж байгаа үед ийм үйлдэл хийсэн нь ёсзүйгүй үйлдэл гэдгийг хүлээн зөвшөөрнө. Гэхдээ хэвлэлээр яваад байгаа шиг өндөр дүнтэй биш шүү. Нэг хоёр удаагийн худалдан авах ажиллагаанд оролцсон. 300-400 мянган ам.долларын хөдөлгүүр нийлүүлсэн. 
 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна