С.Амарсайхан: Хоёр жилийн дотор багадаа 30 мянган айлын орон сууцыг ашиглалтад оруулна

Админ
2019/10/14

“Нийслэлийн Орон сууцны корпораци” ХК-иас өнөөдөр “Туушин” зочид буудалд “Азийн хотуудын орон сууцны IV форумыг зохион байгуулж байна. Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан нийслэлд хэрэгжүүлж буй орон сууцны төслийн талаар мэдээлэл өглөө. Тэрбээр "Орлогод нийцсэн гэхээр хямдхан байр барина гэсэн үг биш. Орлоготоо нийцүүлж түрээслээд, өмчилж авахыг хэлж байгаа юм.

 

Тиймээс чанар муутай барилга бариад, иргэдэд өгнө гэж ойлгож болохгүй. Хоёрдугаарт нэг орон сууц барьсан бол нэг хашааны газрыг чөлөөлсөн байх ёстой. Нэг айл орон сууцанд орсон бол нэг яндан цөөрсөн байх ёстой гэсэн бодлогоо хатуу барьж явна. Өнгөрсөн хугацаанд маш олон айл орон сууцанд орсон. Гэхдээ тэр хэрээр яндангийн тоо цөөрөөгүй, харин ч өссөн гэдэг тооцоо гарсан. Үүнээс гадна, сар гаруйн өмнө бид УИХ-аар оруулж, 10 мянган айлын орлогод нийцсэн орон сууц барих санхүүгийн асуудлыг шийдүүлж авсан. “Буянт-Ухаа” цогцолборын орчимд барьж буй 800 айлын орон сууц байна, хавраас ашиглалтад орно.

 

Морингийн даваанд бид 8000 айлын орон сууцыг барихаар төлөвлөж байна. Сэлбэ-Баянхошуу дэд төвд 10 мянган айлын орон сууц барина. Ирэх хавраас ажил нь эхлээд хамгийн наад зах нь ондоо багтаад орно. Цаашлаад хоёр жилийн дотор багадаа 30 мянган айлын орон сууцыг ашиглалтад оруулна. 4 жилийн дотор 55 мянган айлын орон сууцыг ашиглалтад оруулахаар төлөвлөсөн. Газраа чөлөөлчихсөн, зураг төслөө боловсруулсан, санхүүжилтээ шийдвэрлэсэн. Одоо бодлогоо л зөв хэрэгжүүлэх хэрэгтэй. Ингэж чадвал агаарын бохирдол илүү бодитоор буурах боломжтой" гэсэн байна. 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна