“Шинэ Хөдөө” төслийн хүрээнд Түлүүгийн даваанд худалдааны цэг байгуулах ажил эхэллээ

Админ
2019/10/14

“Шинэ хөдөө” төслийн хүрээнд орон нутгийн иргэдийн ажлын байр, орлогыг бодитоор нэмэгдүүлэхээр төлөвлөж байгаа ажлын нэг нь Түлүүгийн даваа, Булган сумын 1-дүгээр багын зам дагуу худалдааны цэг байгуулах, түүнийг тойрсон орчны тохижолтыг бий болгох ажил юм.

 

Улсын чанартай хэвтээ тэнхлэгийн авто замын гол сүлжээ болсон Булган аймгийн авто зам дамжин өнгөрөгчдийн хувьд ачаалал ихтэй, тэр дундаа Түлүүгийн даваа нь байгалийн үзэсгэлэн бүрдсэн, тус даваагаар зорчин өнгөрөгсдийн үдэлж амардаг гол цэг болдог. Үүнийг дагаад ойролцоох 3-4 сумдаас айраг цагаа, жимс жимсгэнэ гээд ХАА-н бүтээгдэхүүнээ борлуулах хүсэлтэй, түүгээр амьжиргаагаа залгуулдаг айл өрхүүд Түлүүгийн даваан дээр борлуулалт хийдэг бөгөөд авто замын аюулгүй байдлыг хангах үүднээс гарч буй эргүүл пост, цагдаагийнхан, мэргэжлийн хяналтынханд хөөгдөж туугдсан ч өнөөдрийг хүртэл халуунд халж хүйтэн салхи шуурганд хөлдчих шахан зогссоор ирсэн.  Аялал жуулчлалын борлуулалт нэмэгддэг тул худалдаа хийхээр 40 гаруй айл өрх ирдэг боловч зогсох газаргүйгээс үргэлж маргаан дэгддэг дээр нь орон нутгийн тээврийн том тэрэгнүүд зогсох зай талбайгүй зэргээс хаана хаанаа асуудал үүсээд байсан юм аа.

 

Тэгвэл УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнийн санаачлагаар иргэдийнхээ аюулгүй байдлыг хангаж, бүтээгдэхүүнээ борлуулж амьдралаа сайжруулахад дэмжлэг үзүүлэх зорилгоор стандартад нийцсэн, аюулгүй, зам багтаамж хангалттай худалдааны цэг байгуулах ажил “Шинэ хөдөө” төслийн хүрээнд тохижилтын ажил хийгдэхээр боллоо.

 

Түлүүгийн давааны одоо ашиглагдаж байгаа 20 гаруй м.кв шороон талбайг замын хоёр тал руу тэгшилж сунган машины зогсоол, худалдаа үйлчилгээний цэг, био нойл, хогийн цэг зэрэг бүтээн босголтын ажлуудыг энэ сарын 11-ний өдрөөс эхлүүллээ.

 

 

Төслийн хүрээнд нийт 200 сая төгрөгийн төсөвт өртөгтэйгээр эхний ээлжинд 2 газар ийнхүү худалдааны цэг байгуулагдах юм. Тус ажлын гүйцэтгэгчээр шалгарсан “Өлзий хутагын наран” ХХК-ын захирал Ц.Гантулгаас зарим зүйлийг тодрууллаа.

 

-Танай компани байгуулагдаад хэдэн жил болж байна вэ? Голчлон ямар ажлууд хийж байсан туршлагатай вэ?

 

-Манайх 12 жилийн туршлагатай эрдэнэтийн харьяат замын засвар барилгын компани. Байгуулагдсанаасаа хойш тасралтгүй орон нутгийн авто зам дээр ажиллаж байна.

 

-Түлүүгийн давааны энэ талбай одоо байгаагаасаа яаж өөрчлөгдөхөөр зураг төсөлдөө тусгагдсан бэ?

 

-Одоо ашиглагдаж байгаа газар нь ойролцоогоор 24 м.кв талбайтай байсныг 71 м.кв хүртэл сунгана. Зураг төслөөрөө орон нутгийн худалдаа үйлчилгээний цэг болгох зорилготой түүнээ дагаад авто машины зогсоол, гэрэлтүүлэг, павилонууд, био жорлон, хогийн цэг зэрэг зүйлүүд нэмж барихаар төлөвлөж байна.

 

-Хоёр сарын хугацаанд хийж дуусгахаар төлөвлөөд байгаа юм байна. Төлөвлөсөн хугацаандаа хийж амжих уу?

 

-56 хоногийн хугацаанд хийж дуусгана гэж төлөвлөж байгаа. Одоогоор 15 ажилтан ажиллаж байна. Эхний техник тоног төхөөрөмж ирж ажил эхлээд явж байна.

 

 

                Б.Ариунцэцэг: Бат-Эрдэнэ ах өмнө нь бас хэд хэдэн удаа ирж бидэнтэй уулзаж, худалдаа эрхлэхийг маань дэмжиж байсан

 

Түлүүгийн давааны бүтээн босголтын ажил эхлэхэд хамгийн баярлаж байгаа хүмүүс бол худалдаа эрхлэгчид. Тэдний амьжиргааны гол үндэс бол энд ирж айраг цагаагаа зарах юм. Биднийг очиход цас орсон хүйтэн өдөр байсан тул цөөхөн худалдаачид зогсож байсны нэг нь Эрдэнэт хотоос ээжтэйгээ хамт  ирж айраг, жимс жимсгэнэ худалддаг Б.Ариунцэцэг охин юм. Түүнийг айргаа зарах хооронд цөөн асуултад хариулт авлаа.

 

- Сайн уу, миний дүү айраг литр нь хэд вэ?

 

-Сайн, сайн байна уу. 3000 гэж байна

 

-Зөндөө олон хүн айраг зараад зогсож байдаг, хүйтрээд буучихсан уу?

 

-Тийм, 6 сарын 15-наас 10 сарын 15 хүртэл зогсдог юм. Манайх ч гэсэн маргааш нөгөөдрөөс буунаа, тэгэхгүй бол айраг хөлдөөд хийж болохгүй болчихдог юм.

 

-Аан тийм үү, чи хэдэн жил зогсож байна вэ?

 

-Өө би бол дөнгөж 2 жил, ээж маань 6 жил зогсож байгаа.

 

-Хаанаас голцуу хүмүүс ирж айраг цагаагаа зардаг юм бэ?

 

-Энэ хавийн зөндөө сумаас ирдэг. Сайхан, Булган, Бугат, Могод гээд ойролцоох сумдаас ирж зардаг. Эрдэнэтээс хүртэл ирдэг.

 

-Пөөх...тэгээд өдөр болгон Эрдэнэтээс айраг зарах гэж ирдэг гэж үү?

 

-Тийм, өөр хийх ажил олдохгүй болохоор ирэхээс яахав /инээв/. Нэг айл өдөрт 100 литр айрагтай ирээд зардаг, өдөртөө 200-300 мянган төгрөгийн орлого хийчихдэг дажгүй шдээ. Даанч дулааны үед зогсох газар олдохгүй хэцүү. Заримдаа бүр муудалцана, хаяаа бас хөөгдөнөө.

 

-Одоо энд тохижилт  хийгдсэнээр асуудалгүй болохюм  юм байна. Мэдээж худалдаа эрхлэгчид маань сонссон байх, ямархуу сэтгэгдэлтэй байна?

 

 -Тийм гэнээ, манай аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ гуай энийг бариулж байгаа гэсэн. Өмнө нь нэлээн олон удаа ирж бидэнтэй уулзаж санал солилцож гарц гаргаалгааны талаар ярьж байсан. Мэргэжлийн хяналтынхан ирээд хөөж байхад болиулж, амьжиргаагаа залгуулж тав арван цаас олж байгаа иргэдээ бооомилоод баймааргүй байна. Аль болох дэмжмээр байна, аюулгүй байдал дээр нь анхаараад худалдаа эрхлэх боломжоор нь хангаж өг гэж хэлж байсан. Энд зогсдог хүмүүс маш их хүлээлттэй байсан. Өнөөдөр ирээд энэ ажлыг эхлүүлж байгаа гэнэ. Ээж бид нар харин яриад баярлаад л байна. Энэ жил ч худлаа, дараа жил харин булаацалдахгүй гоё газар зогсох юм байна. Үйлчлүүлэгчид ч их ирнэ байх.

 

 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна