Ч.Хүрэлбаатар: Төрийн 38 төрлийн үйлчилгээг гурван минутад авах боломжтой боллоо

Админ
2019/10/16

Засгийн газрын хуралдаанаар төрийн 38 төрлийн үйлчилгээг 3 минутад авах боломжтой болгосон талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар мэдээлэл хийлээ. Тодруулбал иргэд төрийн үйлчилгээг авахын тулд аль нэг байгууллагын хаалгыг сахих, банкинд олон цагаар дарааллан зогсохоос эхлээд цаг хугацаа алддаг байсан. Тэгвэл Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар И баримтын системыг ашиглан төрийн 38 төрлийн үйлчилгээг 3 минутын дотор авах боломжийг нээж өгсөн байна.  

 

Энэ талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар “Засгийн газрын хуралдаанаар төрийн хүнд сурталыг бууруулахад чухал шийдвэр гаргалаа. Төрийн үйлчилгээ, давлагаа авахын тулд иргэд цаг алддаг, банкинд хэдэн цаг дараалалд зогсдог байсан. Судалгаанаас харахад иргэд төрийн үйлчилгээг авахын тулд 2 цаг 40 минут зарцуулж байна. Харин өнөөдрөөс эхлэн НӨАТ системээ ашиглаад 3 минутын дотор авах боломжтой боллоо. Тухайлбал Гадаад пасспорт авахын тулд иргэд гурван өөр дансанд мөнгөө тушаадаг байсан бол өнөөдрөөс эхлэн нэг дансанд гурван минутын дотор төлбөрөө төлөх боломжтой болж байна гэлээ. 


Улсын бүртгэлийн Ерөнхий газрын дарга Б.Баасандорж “Манайх нийт 136 төрлийн үйлчилгээ үзүүлдэг. Өнөөдрөөс эхлэн хэрэгжиж байгаа И баримтын системээр төлбөрөө төлөх системд манай байгууллагын нийт 38 төрлийн үйлчилгээ орж байна. Иргэдийн хамгийн ихээр үйлчлүүлдэг үйлчилгээ нь иргэний үнэмлэх, гадаад пасспорт. Өдөрт дунджаар 1200-1500 иргэн гадаад паспорт захиалдаг. Ингэхдээ 32500 төгрөг тушаадаг. Энэ мөнгийг тушаахдаа банкан дээр очиж 2-3 цагийг зарцуулдаг. Мөн банк хоорондын шимтгэл нэрээрээ 3000-4000 төгрөг нэмж тушаадаг байсан.

 

Тэгвэл өнөөдрөөс эхлэн эдгээр үйлчилгээг заавал дүүрэг болон ерөнхий газар дээр очихгүйгээр 152 хорооноосоо авах боломжтой болж байна. Өмнө нь эдгээр үйлчилгээг хорооноосоо авах боломж байсан ч төлбөрийн асуудал шийдэгдээгүй байсан. Учир нь хороон дээр банк байхгүй, заавал төв рүү орох шаардлага гардаг байсан.  Харин одооноос тухайн иргэн  ухаалаг утсаа ашиглаад И баримтын апп ашиглаж төлснөөр 1-2 минутын дотор л төлбөрөө төлөх боломжтой болж байна. Мөн төрийн 88 байгууллагаас УБЕГ анх удаа И баримт олгодог боллоо. 1000 төгрөгийн лавлагаа авсан ч сугалаанд оролцох эрхтэй болох юм гэлээ.  
 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна