ЦЕГ: Таван хүүхэд хулгайлагдаж, мансуурсан байдалтай олдсон гэх мэдээлэл худлаа

Админ
2019/10/17


Өчигдөр орон нийтийн сүлжээнд Zulaa Zul гэх хаягтай иргэн хулгайлагдсан таван хүүхэд мансуурсан байдалтай олдсон. Одоо эмнэлэгт шокийн байдалтай байгаа талаар мэдээлсэн билээ. Тус мэдээллийн талаар өнөөдөр Цагдаагийн Ерөнхий газраас мэдээлэл хийж, худлаа мэдээлэл болохыг мэдэгдлээ.

 

Энэ талаар ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвийн дарга, дэд хурандаа Б.Баатархүү “Баянхошууны нутагт дэвсгэрт олон хүүхэд хулгайллаа, хүчирхийллээ гэх мэдээлэл олон нийтийн сүлжээнд тавигдсан. Энэ мэдээллийн мөрөөр Эрүүгийн цаглдаагийн албаны зохион байгуулалттай хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийнхэн ажиллалаа. Дөнгөж сая ирсэн мэдээллээр дээрх иргэний бичсэн мэдээлэл нотлогдоогүй байна.

 

Цагдаагийн байгууллага сүүлийн гурав хоногийн хугацаанд ирсэн гомдол мэдээллийг шүүж үзэхэд ийм мэдээлэл ирээгүй байна. Мөн Сонгинохайрхан дүүргийн 1,2,3 дугаар хэлтсээс тодруулахад ийм мэдээлэл ирээгүй байна. Хохирогчид Гэмтлийн эмнэлэгт хэвтэж байгаа гэх мэдээллийг өгсөн. Үүний дагуу Эрүүгийн цагдаагийн албаныхан тус эмнэлэгт очиж, шалгалт хийхэд ийм асуудал байхгүй байна. Өөрөөр хэлбэл энэ мэдээлэл үндэслэлгүй, худал мэдээлэл болох нь батлагдаж байна.

 

Зөвхөн энэ худал мэдээллийг шалгах гэж цагдаагийн хоёр албан хаагч өдрийн хагас зарцууллаа. Тиймээс манай иргэд олон нийтийн сүлжээнд мэдээлэл тавихдаа үнэн бодитой эсэхийг сайтар нягталж, юун түрүүнд цагдаагийн байгууллагад хандаж байхыг хүсье” гэлээ. 

 

 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна