Б.Жаргалсайхан: Эдийн засгийг хиймэлээр нураах гэж оролдож буй хүмүүс бол Монголын дайсан

Б.Ариунзаяа
2019/10/21


Бүгд Найрамдах Намын дарга Б.Жаргалсайханаас тодрууллаа.

 

- Монгол улс ОУСБ-ын саарал жагсаалтад орсныг зарлачихлаа. Саарал жагсаалтад орсноор ам долларын ханш өснө гэх мэдэгдэлийг зарим нэг эдийн засагчид өгч байна. Энэ талаар таны бодол?


- Олон улсын санхүүгийн байгууллагуудын тусламжтайгаар манай улс хөгжиж ирсэн. Дэлхийн банк, Олон улсын валютын сан, Азийн хөгжийн банк, Европын хөгжлийн банкууд дэмжсэнээр эдийн засгаа тэлж, төгрөг олон улсын валютаар хөрвөдөг болсон. Тэд биднээс түрүүлж хөгжиж байгаа болохоор хөгжлийн нууцыг мэддэг. Нууц гээд л ярьчихъя. Тэд эдийн засгаа цэвэр явуул, оффшор, луйвар, авлигалгүйгээр ил тод байлга гэдэг шаардлагуудыг удаа дараа тавьж байсан. Зөвхөн энэ удаа биш. Бидний тавьсан шаардлагыг биелүүлэхгүй байна, тиймээс даалгавар өгье, асуудлаа цэгцэл гэлээ. Саарал жагсаалт гэдэг маань ердөө л энэ. Хэрвээ энэ байдлаараа удвал дампуурах эрсдэл өндөр байна шүү гэсэн сануулга. Тэрнээс монгол хүнийг шийтгэж байгаа юм шиг, хорлох гээд байгаа юм шиг яриад байгааг нь буруу ойлголт. Мөнгө гүйдэгээрээ гүйнэ, амьдрал явдагаараа явна. Харин үүнийг далимдуулж, эдийн засгийг хиймэлээр нураах гэж оролдсон хүмүүсийг Монголын дайсан гэж ойлго. 

 


- Өмнө нь манайх нэг удаа саарал жагсаалтад ороод гарсан?  


- Тиймээ, өмнө нь бас л ийм гэрийн даалгавар өгч л байсан. Тэрийгээ биелүүлсэн болохоор жагсаалтаас гарсан. 

 


- Одоо манай банк санхүүгийн салбарт нэлээд өндөр тоотой мөнгөний асуудал байгааг бүгд ярьцгааж байна?


- Ер нь эрх баригчид санхүүгийн байгууллагад юу болоод байгааг анхаарч, цэгцлэх хэрэгтэй. Банкууд 700-800 миллиард төгрөгөөр активиа хэрхэн нэмсэнийг олох ёстой. Буу зэвсэг зарсан юм уу, хар тамхи худалдаалсан уу үүнийг ил тод болго. Хоёрдугаарт, манай Сангийн яам, Монголбанкны нөхдүүд буруу юм хийгээд байна. Манайд Голомт, Худалдаа хөгжил, Хаан  зэрэг томоохон гурав дөрвөнхөн банк бий. Би эдгээр банкуудыг дампуурлын ирмэг дээр байгааг ойлгож байна. Ихэнх мөнгөө барилга байшин, зам болгочихсон, эргэлтгүй болчихсон. Тэгвэл энэ банкууддаа аудит хийгээд Засгийн газар нь УИХ-аараа хэлэлцүүлээд хувьцаат компани болгох хэрэгтэй шүү дээ. Эзэн нь 5 хувийг нь авчихдаг юм байгаа биз. Ийм маягаар санхүүжүүлж болох л байсан. 

 


- Зарим эдийн засагчид МУ саарал жагсаалтад орсноор ам долларын ханш өсч, 7000 хүрнэ гэж мэдэгдэж байна?


- Хэн, юуг үндэслэж ийм мэдэгдэл гаргаад байгаа юм. Ам долларын ханшийг барих боломж бий. Экспортынхоо орлогыг нэмэгдүүлж, аж үйлдвэрээ дэмжиж, санхүүгийн хариуцлагатай байж, хэрэглээгээ багасгах хэрэгтэй. Нэг айл нэг л машинтай байж болно. Яагаад заавал 2-3 машин аваад байгаа юм. Тэр машиныг доллараар авдаг, шатахууныг ч бас доллараар авч байгаа. Тиймээс хэрэглээнийхээ сахилга батыг хязгаарлаж чадвал ам долларын ханшийг барьж чадна. Гэхдээ энэ ажлуудыг ЗГ шат дараатай хийх ёстой. Манай эдийн засаг чинь тийм ч том биш авсаархан эдийн засагтай улс шүү дээ. 

 

Тоvch.mn
 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна