А.Ганбаатар: Би хүний бэлдэж ирсэн зүйлийг сонсож, дарга нартаа үзүүлснийхээ төлөө ял сонсмооргүй байна

Б.Ариунзаяа
2019/10/22

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд НИТХ-ын төлөөлөгч Ц.Сандуй, МАН-ын гишүүн асан А.Ганбаатар нарт холбогдох хэргийн гэм буруугийн шүүх хурал өнөө өглөө 09:30 цагт эхэллээ.

 

Шүүх хурлын эхэнд шүүгдэгч А.Ганбаатар "Би хүний бэлдэж ирсэн зүйлийг сонсож, дарга нартаа үзүүлснийхээ төлөө ял сонсмооргүй байна. Энэ бол хэрэг биш. Тиймээс намайг яллаж байгаа зүйлчлэлтэй санал нийлэхгүй" гэдгээ хэлсэн байна.

 

 Улмаар шүүх бүрэлдэхүүн хурлыг хойшлуулж шийдвэрлэжээ. Учир нь  шүүгдэгч А.Ганбаатарын өмгөөлөгч нар хөдөө орон нутагт шүүх хуралд оролцож байгаа гэх үндэслэлээр хурлыг хойшлуулах хүсэлт ирүүлсэн учир ийнхүү хойшлуулах хүсэлт гаргасныг хүлээж авсан байна. Шүүх хурал ирэх долоо хоногийн пүрэв гараг буюу аравдугаар сарын 31-ны өдөр хуралдахаар товлосон байна.

 

Нийслэлийн прокурорын газраас Ц.Сандуй, А.Ганбаатар нарт холбогдуулан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт зааснаар “Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах хуйвалдаан зохион байгуулах” гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлээд байгаа юм. Өнөөдрийн хуралд, гэрчээр Г.Доржзодов, түүний өмгөөлөгч Г.Баасан болон шүүгдэгч Ц.Сандуй, А.Ганбаатар нар өөрийн ирээд байсан ч хурал ийнхүү хойшиллоо. 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна