Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан өөрийн хүсэлтээр огцрох уу

Б.Ариунзаяа
2019/10/23

УИХ-ын дарга Г.Занданшатар энэ сарын эхэнд  Мөнгө угаахтай тэмцэх санхүүгийн арга хэмжээ авах байгууллага ФАТФ  -ын “Саарал жагсаалт”-д Монгол Улс багтах эрсдэл үүссэнтэй холбоотойгоор холбогдох байгууллагын удирдлагуудтай уулзаж, үүрэг даалгавар өгөхдөө хэрэв үйл ажиллагааныхаа тайланг муу хамгаалсан, хариуцсан ажлынхаа чиглэлээр үр дүн гаргаж чадаагүй Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо, Монголбанкны дэргэдэх Санхүүгийн мэдээллийн алба, бусад холбогдох албан тушаалтнуудад хариуцлага тооцох нь зүйтэй гэж үзэж байгаагаа илэрхийлж байсан.  

 

Гэвч Монгол улс уг жагсаалтад орсон тул УИХ-ын дарга өнөөдөр Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан, СЗХ-ны дарга С.Даваасүрэн нарыг өөрийн бүрэн эрхийн хүрээнд огцруулах асуудлыг хөндөж тавихаа мэдэгдсэн. Тэгвэл энэ үеэр  Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан УИХ-ын дарга Г.Занданшатарт  өөрийн хүсэлтээр өргөдөлөө өгөхөө илэрхийлсэн гэх мэдээлэл байна. Өөрөөр хэлбэл Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан Монгол улс ФАТФ  -ын “Саарал жагсаалт”-д орсон хариуцлагыг үүрч, өөрийн хүсэлтээр албан тушаалаа өгч магадгүй байна.


Түүнийг өмнө нь албан тушаалаа өгөхийн нэг бус улстөрч шаардаж байсан. Хамгийн сүүлд гэхэд л УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайханыг албан тушаалаас нь чөлөөлөх саналаа өнгөрсөн дөрөвлдүгээр сард УИХ-ын даргад өргөн барьж байсан удаатай.  Тэрбээр уг албан бичигтээ "Монголбанкны үндсэн зорилт нь үндэсний мөнгөн тэмдэгт-төгрөгийн тогтвортой байдлыг хангахад оршино" гэж заасныг Монголбанкны удирдлага ханган ажиллаж чадахгүй байгаа хэмээн үзэж буйгаа тайлбарлаад анх ажил авсан үедээ гадаад валютын албан нөөцийн талаар хариуцлагагүй мэдэгдэл хийснийг мөн дурдсан байдаг.  


Мөн түүнийг хуульд заасан үүргээ цалгардуулж Монгол Улсын банк, санхүүгийн салбарт асар их хохирол учруулсан гэж үзсэн байдаг.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна