Түмэн малчин Төрийн ордондоо цуглаж хэл, хил, мал гурвынхаа талаар чуулж, хэлэлцлээ

Б.Ариунзаяа
2019/10/24

“Хэл, хил, мал гуравтайгаа байхад хэн баян Монгол баян” малчдын анхдугаар чуулган өнөөдөр Төрийн ордны их танхимд болж байна. Уг чуулга уулзалтыг “Зундуйн Дорж сан”, “Мал сүргийг хулгайн гэмт халдлагаас хамгаалах Монголын нийгэмлэг” НҮТББ-аас зохион байгуулж байгаа аж. Тус чуулганд 21 аймаг, 327 сумын төлөөлөл оролцож байгаа бөгөөд чуулганы нээллтийн үйл ажиллагаанд УИХ-ын дарга Г.Занданшатар хүрэлцэн ирж амжилт хүсэж үг хэлж, мэндчилгээ дэвшүүллээ.

 

image

 

“Мал сүргийг хулгайн гэмт халдлагаас хамгаалах хууль, эрх зүйн зохицуулалт”-ыг хэлэлцэх малчдын анхдугаар чуулганд УИХ-ын гишүүн З.Нарантуяа, Х.Болорчулуун нараас гадна эдийн засгийн ухааны доктор С.Оюун, хөдөлмөрийн баатар, тод манлай уяач Г.Даваахүү, Монгол Улсын аварга Г.Эрхэмбаяр, улсын аварга малчин О.Дорж, Гандантэгчинлэн хийдийн тэргүүн хамба Д.Чойжамц нар оролцож илтгэл тавьсан юм.

 

Төв аймгийн Зуумод сумын малчин А.Өнөржаргал: Би төрсөн цагаасаа эхлээд л мал маллаж байна. Малчдад тулгамдаад байгаа гол асуудал нь малын хулгай. Малын хулгайтай тэмцэх хууль нь нэлээд хөнгөн болчихсон. Үүнийгээ дагаад зарим залуучууд хялбар аргаар амьдрахын тулд хулгай хийдэг. Энэ мэт малчдад тулгамдаж байгаа олон асуудал байна.

 

image

 

Архангай аймгийн Эрдэнэмандал сумын малчин П.Тамир: Би 20 жил мал маллаж байна. Энэ хугацаанд малчдад тулгамдаад байгаа гол асуудал нь малын хулгай. Би Малчдын холбооны тэргүүн Тамир гэдэг хүн байна. Хулгай бол хэрээс хэтэрлээ. Сүүлийн үед мал, махны үнэ өссөнтэй холбогдоод машин тэргээр хулгай хийдэг бүлгийн зохион байгуулалтад орсон. Хүн хүч, зав чөлөө муутай малчдын сул талыг ашиглаад техник, бүлэглэсэн хулгай их гарч байна. Тиймээс Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах шаардлагатай байна. Малчид ч саналаа хүргүүлсэн. Малын хулгай хийж байгаа хүмүүсийн ялыг чангатгах, торгуулийг өндөрсгөх, малын үнийг малчин өөрөө тогтоодог байх хэрэгтэй байна.

 

image

 

Мал сүргийг хулгайн гэмт халдлагаас хамгаалах нийгэмлэгийн тэргүүн Ц.Анандбазар: Малчид бол хэний ч тусламж дэмжлэггүй амьдарч, Монгол орноо авч яваа хүмүүс бол малчин ардууд. Малчин түмнээ дэмжиж явах нь төрийн гэлтгүй Монгол хүн бүрийн зорилго байх ёстой. Гэтэл малын хулгай малчдын хамгийн тулгамдсан асуудал болоод байна. Хүний хувийн өмчийг гэгээн цагаан өдрөөр хулгайлаад явж байна. Ялангуяа сүүлийн үед махны үнэ үнд орж, энэ үйл явдал улам их гаарлаа. Малын хулгай 25 хувиар өссөн байна. 5.5 тэрбум төгрөгийн хохирол учирсан байна. Найман мал хулгайлсан хүнийг гэмт хэрэг биш гээд, түр ажил хийлгээд суллаад явуулдаг. Гэтэл гар утас хулгайлсан хүүхэд долоон жилийн ял аваад явж байна. Мал ч гэсэн малчдын өв хөрөнгө. Өнөөдөр малчид чуулж байгаа нь малчдын амьдралд нийцсэн хууль гаргуулах зорилготой. Хууль гаргах нь сайн боловч мөрдүүлэх нь хамгийн чухал. Хуулийг мөрдөх гэхээр малын хулгайг нотлож чаддаггүй. Ямар малыг хэн хулгайлсан нь мэдэж чадахгүй, нотлож чаддаггүй. Тэгэхээр үүнийг орчин цагийн технологийн хөгжлийг ашиглаж малчдыг малаа хамгаалах шинэ аргад суралцуулах нэвтрүүлэх хэрэгтэй байна.

 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна