Б.ТҮВШИНДАВАА: ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН САНХҮҮЖИЛТ СААТАХГҮЙ БОЛ БАРУУН ТАВАН АЙМАГ ИРЭХ ЖИЛ БҮРЭН ХОЛБОГДОНО

Админ
2019/10/25

Нийслэл хот 21 аймагтай хатуу хучилттай замаар холбогдож дуусахад тун ойрхон байна. Энэ түүхэн ажлын сүүлчийн төсөл болох Баянхонгор-Алтай чиглэлийн 126.7 км замын бүтээн байгуулалт  ажлын талаар“Макс рөүд” компанийн ерөнхий инженер Б.Түвшиндаваатай ярилцлаа.


-Баянхонгор-Алтай чиглэлийн  126.7 км замын бүтээн байгуулалтын ажлын явц хэр байгаа вэ?


-Манай компаниконцес эзэмших эрх шилжүүлэх гэрээний дагуу тавдугаар сарын 13-нд замын ажлаа албан ёсоор эхлүүлсэн.


Өнөөдөр хүртэл таван сарын хугацаанд бид 30 км, хоёр үе асфальт хучилттай авто замыг бүрэн дуусгаад байна. Дээр нь 80 км далан, газар шорооны ажлыг гүйцэтгэлээ. 88 цэгийн ус зайлуулах бетон хиймэл байгууламжийн ажил хийгдсэн байгаа. Нэг гүүрийн ажил 80 хувийн гүйцэтгэлтэй явж байна. Энэ бол нүсэр том бүтээн байгуулалт. Нийт төслийнхөө хувьд гүйцэтгэл 50 гаруй хувьтай байгаа гэж хэлж болно.Хамгийн гол нь өөрийн хөрөнгөөр дотоодын компани асар богино хугацаанд том бүтээн байгуулалтын ард гарч байгааг дуулгахад таатай байна.

 


-Маш богино хугацаанд шахаж ажиллаж байгаа юм байна? Хүн хүч, техникийн хувьд ямар зохион байгуулалттай ажиллаж байгаа вэ?


-Өмнө дурьдсанчлан, бид маш өндөр зохион байгуулалттай ажилласны үр дүнд энэ 30 км замыг тавхан сарын дотор дуусгаж чадсан амжилттайгаар автозамын салбар үүсч хөгжсөний 90 жилийн ойгоо угтаж байна. Түүхэндээ бид анх удаа 21 аймагтайгаа хатуу хучилттай замаар холбогдох гэж байна шүү дээ. Баянхонгор-Алтай чиглэлийн 126.7 замын хувьд нөхцөл байдал өөрөө их хүнд. Том том боржин хаднуудаас эхлээд намагрхаг газар нутаг элбэг. Инженерийн шийдэл, ухаан, ур чадвар шаардсан ажил ихтэй.Дээр нь бид энэ замаар зорчих иргэдийнхээ ая тухыг бодон, зураг төсөлд тусгагдаагүй ажлыг өөрийн хөрөнгөөр сэтгэл гарган хийж байна. Амралтын зогсоолыг иж бүрнээр бүтээн байгуулах ажлыг манай компаниас санаачлан зураг төслийг эхлүүлээд байгаа.

 


-Зам дагаж хөгжил гэдэг. Энэ хоёр аймаг хатуу хучилттай замаар холбогдчихвол эдийн засгийн үр өгөөж өндөр байх нь гарцаагүй. Иргэд ч хүлээлттэй байгаа биз?


-Тэгэлгүй яахав. Цаг хугацаандаа саадгүйгээр хэрэгжиж дуусвалжилдээ 500 мянган иргэн энэ замаар ая тухтай, саадгүй зорчино. Дээрээс нь цаг хугацаа, эдийн засгийн хэмнэлттэй. Шороон, түр зам бол тоосжилтоос эхлээд байгаль орчинд маш их халтай байдаг. Засмал замтай болсноор энэ нөлөөлөл байхгүй болно. Машин тэрэгний эвдрэл үгүй болж, бараа таваарын эргэлт ч түргэсч эдийн засгийн үр өгөөж өндөр байх нь гарцаагүй. Иргэд ч таны хэлснээр өндөр хүлээлттэй байгаа.

 


-Энэ замын төсөл дээр өмнө нь өөр компаниуд ажиллаж олон ч удаа хойшилсон байдаг.


-Засгийн газраас 2012 онд тендер зарлаж, тухайн үед нэг компани шалгарсан боловч, төслийн санхүүжилтийг улсын төсөвт суулгаж чадаагүйгээс ажил хийгдээгүй. 2015 онд мөнд санхүүжилтийн асуудлаас болж 2018 оныг хүртэл багахан хэмжээний газар шорооны ажил гүйцэтгэсэн байсан төслийг манай компанид шилжүүлэн өгсөн. Олон жил гацсан учир иргэдийн хувьд итгэл алдраад байсан. Замын ажил одоо эрчтэй өрнөөд ирэхээр одоо л иргэдэд маань итгэл төрж, өндөр хүлээлттэй байгаа.

 


- Хэзээ бүрэн ашиглалтад орох вэ?


-126.7 км зам маань хоёр хэсгээс бүрдэж байгаа. Нэгдүгээр хэсэг нь Байдрагийн гүүрээс Харганы худаг хүртэл 87 км, Харганы худгаас Говь-Алтайн Дэлгэр сум чиглэлийн 47.8 км зам байгаа.Би түрүүн хэлсэн. Өөрийн хөрөнгөөр монгол компани бүтээн байгуулалт хийж байна. 200 гаруй техник, 15 үйлдвэртэй, техник хүн хүч бүгд бэлэн байна. Материал болон санхүүжилтийн хувьд саадгүй байвал бидний хувьд хүн хүч, техник бүгд бэлэн ажиллаж байна.Одоо бид 30 км замаа улсад хүлээлгэж өгөхөөр ажиллаж байна.  Энэ жилийн хувьд одоо агаарын температур буурчихлаа. Цемент, бетоны ажил зогссон. Хучилт суурийн ажлууд ч зогсоод байна.10-аас дээш хэмийн дулаантай өдрийг харж байгаад хучилтын ажлаа ахиулж байгаа. Харин  ухмал болон газар шорооны ажил бол ус хөлдтөл ажиллана.

 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна