"Эзэн" Д.Эрдэнэбилэг эдийн засгийг удирдахаар санаархав уу

Б.Ариунзаяа
2019/10/28


Худалдаа хөгжлийн банкны ТУЗ-ын дарга “Сахал” хочит Д.Эрдэнэбилэгийг Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг худалдан авах хууль бус үйл ажиллагааг зохион байгуулахад оролцсон хэмээн сэжиглэгдэн шалгаж, улмаар Сүхбаатар дүүргийн шүүхээс хэрэг үүсгэж, шүүхийн шийдвэрийн дагуу ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулсан.

 

Тэрбээр сар гаруй саатуулагдсаныхаа дараа Нийслэлийн прокурорт батлан даалтад гаргах хүсэлт гаргаж, шүүх хүлээн авч, суллагдсан. Гэвч гар бариад бугуй барина гэгчээр саатуулагдаж байх хугацаандаа эрүүл мэндийн байдал эрс доройтсон, хөгжингүй орны эмнэлэгт эмчилгээ оношилгоо хийлгэх шаардлагатай байгаа тул хилийн хоригийг цуцлаж өгөх хүсэлтийг өмгөөлөгч нь шүүхэд гаргаснаар тэрбээр хилийн чанадад гарсан юм.

 

Холбогдох албаныхан хэдийгээр түүний хэргийг шалгаж байгаа гэх ч Д.Эрдэнэбилэг харин өөрийнхөө хөрөнгийг арвижуулах гээд тун чиг завгүй яваа тухай мэдээллүүд гарч ирлээ. Уг нь түүний шалгагдаж байгаа хэрэг тун ноцтой. Хэрэв шүүх уг таслабал цаашлаад мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлд томоохон түлхэц болохуйц хэрэг.  

 

Энэ дүр зургаар харвал  Д.Эрдэнэбилэг нар шүүгдэх өндөр магадлалтай. Гэтэл Д.Эрдэнэбилэг нар “аавынд” орсон ч аархсан хэвээр байхаа тооцоолсон уу эсвэл шүүхэд нөлөөлөхүйц, шударга гэгддэг улстөрчдийн амыг таглахуйц хөрөнгөтэй болохыг санаархсан уу ямартай ч   монголын томоохон банкинд хувь эзэмшихээр оролдсон тухай мэдээлэл чих дэлслээ.

 

 Тодруулбал монголын хамгийн том банк болох "Хаан" банкны хувьцааны дийлэнхийг авахаар сүүлийн хоёр сар орчмын хугацаанд хэлцэл хийж буй талаар зарим хэвлэлүүд бичиж эхлээд байна. Хаан" банкны нийт хувьцааны 41.30 хувийг Японы “Савада Холдингс” компани, 13.10 хувийг нь “Эйч Эс Интернэйшнл” компани буюу нийт 54.4 хувийг нь Хидео Савада эзэмшдэг.

 

Мөн олон улсын санхүүгийн корпораци 9.32 хувийг нь, 36.28 хувийг "Таван Богд" группийн ерөнхийлөгч Ц.Баатарсайхан, түүний гэргий Д.Хулан нар эзэмшдэг. Тэгвэл Д.Эрдэнэбилэг "Хаан" банкны хамгийн том хувийг эзэмшигч болох Хидео Савадатай уулзаж хэлцэл хийсэн ч бүтэлгүйтсэн гэх мэдээлэл байна. Д.Эрдэнэбилэг Худалдаа хөгжлийн банкны 93,1 хувийг эзэмшигч, Улаанбаатар банкны 99,99 хувийн эзэмшигч. Хэрвээ Хаан банкны хувьцааны дийлэнхийг нь авчихвал жинхэнэ утгаараа монголд "Эзэн" сууна. Нөгөөтэйгүүр Монголын эдийн засгийг хүссэнээрээ удирдаж, хамаг л ашигтай шийвэрүүдийг өөрийн талд гаргуулж чадахуйц эрх мэдэлтэй болох юм. 

 

Түүнчлэн нэгэн цагт МАХН-ын дарга Н.Энхбаярыг монголын улс төрийг шоронгоос удирдаж байна улстөр хэмээн сонирхогчид шүүмжилж байсан удаатай. Хэрэв нөхцөл байдал түүнд ашигтайгаар эргэсэн бол Д.Эрдэнэбилэг Эрдэнэтийн хувьчлалын хэргээр ял авлаа ч Монголын эдийн засгийг шоронгоос удирдах нөхцөл үүсч мэдэх байсныг таах аргагүй юм.  


 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна