ДУУЛИАН: Хятад иргэдийг удирддаг ДӨРВӨН ХҮНИЙГ БАРИВЧИЛЖЭЭ

Б.Ариунзаяа
2019/10/30

Тагнуулын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар зэрэг хуулийн байгууллагууд хамтран өчигдөр оройн 21:00 цагийн орчмоос эхлэн гүйцэтгэх ажил явуулж, БНХАУ-ын 500 гаруй иргэний баривчлах ажиллагаа явуулж байгаа талаар манай сайтын сурвалжлах баг газар дээрээс нь мэдээлсэн. 


Мэдээллийг сануулбал  Сүхбаатар дүүрэгт байрлах “UNION building”, Баянзүрх дүүрэгт байрлах "Амар", "Ориентал", Баянгол дүүрэгт байрлах "Кентавр" зэрэг зочид буудлуудад байрлах эдгээр хятад иргэдийг шалгах, үзлэг хийх үйл явц өрнөсөн. Зарим эх сурвалжийн мэдээлж байгаагаар Баянзүрх дүүрэгт байрлах "Амар" зочид буудлаас 200 орчим, Баянгол дүүрэгт байрлах "Кентавр" зочид буудлаас 80 гаруй хятад иргэнийг баривчилсан гэх.

 

Тэгвэл хамгийн сүүлийн мэдээллээр зарим зочид буудлуудад байрлах Хятад иргэдийг Тагнуулын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар зэрэг хуулийн байгууллагууд шалгасаар байна.

 

Мөн дээрх иргэдийг удирдан зохион байгуулж байсан гэх дөрвөн иргэнийг саатуулж, их хэмжээний мөнгөний эх үүсвэр, гарал үүслийг тогтоохоор ажиллаж байгаа гэх мэдээлэл байна.  Тэднийг санхүүгийн луйвар, залилан, хувийн мэдээлэл хулгайлсан гэх хэрэгт холбогдуулан шалгаж  байгаа аж. 


Албан бус мэдээллээр тухайн иргэдээс 10 мянга гаруй гар утас, 1000 гаруй өндөр үзүүлэлттэй компьютер хураан авчээ. Мөн эдгээр иргэд Монгол Улсад "Жуулчны виз" буюу 1 сарын хугацаатай нэвтэрсэн байх талаар мэдээлэл байна. Энэ төрлийн визийг Дипломат төлөөлөгчийн газар, Өргөмжит консул олгох эрхтэй байдаг бөгөөд гадаадын иргэдийн бүртгэлд хамрагддаггүй аж. Өөрөөр хэлбэл тухайн иргэд Монгол Улсын визийг Хөх хот эсвэл Эрээн хотод байрлах Консулын газраас авсан байх магадлалтай байна.

 

ГИХГ-ын дарга Д.Мөрөн энэ сарын 17-ны өдөр мэдээлэл хийж, Монгол улсад байгаа гадаад иргэдийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн. Ингэхдээ “Монгол улсад оршин суугаа гадаадын харьяат иргэдийн тоо өнөөдрийн байдлаар 28268 хүрсэн. Эдгээрээс 13248 нь БНХАУ-ын иргэн.   Түүнчлэн хоёр улсын харьяалал бүхий 16 улсын 1927 цагаач иргэд байгаа бөгөөд тэдний дийлэнхийг БНХАУ болон ОХУ-ын иргэд эзэлж байна. Мөн өнөөдрийн байдаар 87 улсын 9929 иргэн Монгол Улсад хөдөлмөр эрхэлж байна.

 

Үүнээс хамгийн их нь буюу БНХАУ-ын 8522 иргэнд ажиллах зөвшөөрөл өгсөн. Одоогоор 6000 хятад иргэн нь ирсэн. Энэ нь  нийт зөвшөөрлийн 82 хувийг эзэлж байгаа бөгөөд газрын тос, зам гүүр, уул уурхайн чиглэлээр ажилладаг байна. Тэгвэл Вьетнамын 193 иргэн авто засварын чиглэлээр ажиллаж байгаа” гэх мэдээллийг өгч байсан билээ. 

 

 

 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна