Б. Мэргэн: Ц.Сандуй, А.Ганбаатар нар цагаадах ёстой, энэ шүүх чинь юу болчихсон юм бэ

Б.Ариунзаяа
2019/11/01

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өчигдөр өглөө 08.30 цагаас эхлэн “60 тэрбум”-ын гэх хэрэгт холбогдогчдыг шүүж, 20 цагийн үед шийдвэрээ танилцуулсан. Улмаар шүүгдэгч А.Ганбаатар, Ц.Сандуй нарыг гэм буруутайд тооцож дөрвөн жилийн хорих ял оноосон. Шүүхийн шийдвэрийн талаар А.Ганбаатарын өмгөөлөгч Б.Мэргэн байр сууриа илэрхийллээ.  

 

 

-    Шүүхийн шийдвэр гарлаа. Ц.Сандуй, А.Ганбаатар нарт дөрвөн жилийн ял оноочихлоо. Өмгөөлөгчийн хувьд шүүхийн шийдвэрийн талаар ямар байр суурьтай байна вэ?


-    Монголд 2500 гаруй өмгөөлөгч, 6000 гаруй хуульч байдаг.  Эдгээр хуульч, өмгөөлөгчид надтай 100 хувь санал нийлнэ гэдэгт итгэлтэй байна. Энэ шүүх чинь юу болчихсон юм бэ? Сэтгүүлч, сурвалжлагч нар ч мэдэж байгаа байх. Гэмт хэрэг үйлдсэнээс хойш хөөн хэлэлцэх хугацааг тоолдог. Гэтэл энэ гэмт хэргийг олон нийт мэдсэн өдрөөс нь эхлэн тоолно гээд шийдвэр гаргачихлаа.   

 


-    Энэ хэргийн хөөн хэлэлцэх хугацаа хэзээ дууссан юм бэ?


-    2014 оны 7 дугаар сараас 9 дүгээр сарын хооронд Төрийн эрхийг хууль бусаар булааж авах хуйвалдаан зохион байгуулсан гэж яриад байгаа юм. Прокурор энэ хэрэг дээр ял өгөх ямар ч боломжгүй гэсэн дүгнэлт гаргасан. Яагаад гэвэл энэ хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан. 2014 оны 9 сард хамгийн сүүлийн үйлдэл нь хийгдсэн учир хэргийг хөөн хэлэлцэх таван жилийн хугацаа дууссан гэж үзсэн. Үүн дээр өмгөөлөгчид давж заалдах бодолтой байсан. Бүр дараагийн гомдолоо яаж бичих үү гэдгээ хүртэл төлөвлөчихсөн байсан. Учир нь цагаадах ёстой байсан юм.  Гэтэл шүүх хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэхгүй. 2016 онд энэ хэргийн талаар иргэд мэдсэн. Тэгэхээр энэ хэргийг олон нийт мэдсэн үеэс нь тоолно гээд шийдвэрчихлээ. Энэ хэн нэгний ч санаанд орох зүйл мөн үү. 

 


-    2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт зааснаар төрийн эрх мэдлийг хууль бусаар авах, саатуулахыг оролдсон гэх зүйл ангиар яллах дүгнэлт үйлдсэн. Гэтэл яг шийдвэр гаргахдаа өөр зүйл ангиар өгчихсөн шиг боллоо?


Сая шүүх Төрийн эрхийг хууль бусаар булааж авах хуйвалдаан зохион байгуулаагүй юм байна. Өөр гэмт хэрэг үйлдсэн юм байна гээд ял оноочихлоо.  Эрүүгийн хуулийн 14.9 буюу Сонгуулийг хууль бусаар явуулах хуйвалдаан зохион байгуулах гэсэн зүйл ангиар буруутгачихлаа.  Угаасаа 2002 оны 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт зааснаар төрийн эрх мэдлийг хууль бусаар авах, саатуулахыг оролдсон гэх зүйл ангиар буруутгах ямар ч боломж байхгүй. Үүнийг өмгөөлөгчид үүнийг анхнаасаа хэлж байсан. Хэрвээ энэ зүйл ангиар буруутгавал шүүх өөрөө онигоонд орох байсан. Тиймээс цагаадах байх гэсэн итгэл үнэмшилтэй зургаан өмгөөлөгч шүүх хуралдаанд оролцсон. Прокурор энэ хэргийг гурав дөрвөн удаа хянахдаа дандаа 82.1 гэсэн заалтаар зүйлчилж байсан. Зургаан өмгөөлөгч өдөржин энэ бол 82.1 биш гэдэг үүднээс өмгөөлсөн. Хэрвээ 14.9 гэдэг зүйл ангиар буруутгасан бол өмгөөлөгчийн өмгөөлөх байр суурь, мэтгэлцэл ч өөр болно шүү дээ. 

 

 

-    Энэ хэргийн хамгийн гол нотлох баримт нь 60 тэрбумыг босгох талаар ярьж буй бичлэг. Энэ бичлэгийг Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэн эвлүүлэг гэх дүгнэлт гаргаж байсан. Тэгэхээр уг бичлэгийг эвлүүлэг гэж үзсэн гэсэн үг үү?


-    Зургаан удаагийн шүүх шинжилгээний дүгнэлт гарсан байдаг. Тавынх нь дүгнэлт эвлүүлсэн байна, нэг нь эвлүүлэг биш байна, гэхдээ эх хувь нь биш байна гэсэн дүгнэлт гарсан байдаг. Шүүх шинжилгээний хуулийн 24.1-т онцгой шинжилгээ учраас бичлэгийн шинжилгээг заавал эх хувь дээр хийнэ гэж заачихсан байдаг. Тиймээс эх хувь биш учраас дүгнэлт гаргах боломжгүй гэсэн дүгнэлт гарсан байдаг. 

 


-    Давж заалдах уу?


-    Ойлгомжтой. Гэхдээ зөвхөн энэ хэргийн асуудал биш. Хэрвээ шүүх ингэж шийддэг болчихвол дараа хэчнээн хүний амьдралаар тоглох вэ. Нэг хүн хулгай хийлээ, хоёр хүн хоорондоо зодолдсныг таван жилийн дараа мэдлээ гэхэд эндээс хугацааг нь тоолно гэж болохгүй биздээ. Энэ чинь Эрхзүйн тогтолцоо, шүүхийн тогтолцоо, ардчилал, эрхзүйт ёс гээд бүх зүйлийг нулмаж байгаа хэрэг. Зөвхөн энэ хэрэг гэлтгүй дараа дараагийн хэрэг хууль бусаар шийдэгдэх зам нь нээгдэх учраас давж заалдаж, зөв шийдвэр гаргуулж байж, жишиг тогтоохоос өөр зам байхгүй.  

 


-    Шүүх нь дур мэдэж зүйл ангийг нь яг өгч байсан тохиолдол Шүүхийн салбар өмнө нь гарч байсан уу?


-    Би мэдэхгүй байна. Хамт байсан өмгөөлөгч нараасаа асуулаа, бид нар амьдралдаа ийм зүйл харж байгаагүй гэж байна. Хоёрдугаарт, зүйл ангийг нь өөрчилдөг юм байж. Гэтэл прокурор нь ял өгөх боломжгүй гэж байхад хөөн хэлэлцэх хугацааг олон нийт мэдсэн өдрөөс эхлэнэ гээд ял өгч байсныг үнэхээр мэдэхгүй юм байна. 

 

Tovch.mn


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна