“Эрдэнэт үйлдвэр”-ийн захирал асан Ц.Даваацэрэн, Б.Отгонбаатар нарыг хорилоо

Б.Ариунзаяа
2019/11/01

Ц.Элбэгдоржийг Ерөнхийлөгчөөр ажиллаж байх үед нь “Эрдэнэт үйлдвэр”-ийг “саасан” байж болзошгүй хэрэгт холбогдуулан хоёр хүнийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс өнгөрсөн мягмар гарагт хойшлуулшгүй ажиллагаа явуулж, гэр, ажлын байранд нь нэгжлэг хийгээд 48 цагийн хугацаатай цагдан хорьсон талаар Өнөөдөр сонин мэдээлжээ. 

 

Тэдгээр баривчлагдсан хүмүүсийн нэг нь “Эрдэнэт үйлдвэр”-ийн захирлаар ажиллаж байсан Ц.Даваацэрэн аж. Харин нөгөө нь Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчийн найз, нэгэн компанийн захирал Б.Отгонбаатар гэнэ.

 

Ц.Даваацэрэнг албан тушаал эрх мэдлээ урвуулж, бусдад давуу байдал олгосон байж болзошгүй гэх үндэслэлээр буруутгаж байгаа бол Б.Отгонбаатарыг үйлдвэртэй хамтарч бизнес хийхдээ хууль зөрчсөн гэх үндэслэлээр шалгаж байгаа аж.

 

Тэднийг үргэлжлүүлэн цагдан хорих саналаа АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс прокурорын байгууллагад өчигдөр хүргүүлжээ. Улмаар Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Ц.Даваацэрэн, Б.Отгонбаатар нарыг яллагдагчаар тооцон үргэлжлүүлэн 30 хоногийн хугацаатай цагдан хорих санал гаргасныг хэлэлцээд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тогтоол баталсан байна. 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна