Ерөнхий сайд У.Хүрэлсүх Нийслэлийн Засаг даргын Явуулын ажлын байранд зочиллоо

Админ
2019/11/05

Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20.9 км авто замын өргөтгөл, шинэчлэлийн ажил дуусч, зорчих хэсгийн хөдөлгөөнийг өнөөдөр нээлээ.

 

Энэ үеэр Хотын Захирагч С.Амарсайханы урилгаар Ерөнхий сайд У.Хүрэлсүх Нийслэлийн Засаг даргын Явуулын ажлын байранд урилгаар зочлож, Баянзүрхийн шинэ гүүрнээс Төрийн ордон хүртэл хамтдаа зорчив.

 

Ерөнхий сайдыг дагалдан Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан хамт сууж, Улаанбаатар хотод хийгдэж буй томоохон дэд бүтэц, бүтээн байгуулалтын ажлын явц болон сайжруулсан шахмал түлшний цаг үеийн асуудлаар зам зуураа ярилцаж, саналаа солилцлоо.

 

 

Зам, тээврийн салбарт хийгдэж байгаа томоохон бүтээн байгуулалтын ажлын явцын талаар Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан мэдээлэл хүргэв. Тэрбээр “Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замыг дөрвөн эгнээ болгон өргөтгөн, шинэчлэх ажил хийгдэж байна.

 

Тус чиглэлийн авто замыг дөрвөн эгнээ болгох шийдвэрийн хэрэгжилтийг одоо байгаа авто замыг ашиглан, нэмж хоёр эгнээ авто зам барих техникийн шийдлийг тодорхойлсон. Одоогоор үндсэн ажлынхаа 60 хувийг хийж гүйцэтгэсэн байна. Замын хучилтийн болон бусад ажлууд үлдсэн. Энэ зун үеэр, ус их байсны улмаас 29 хоногийг алдсан. Замын ажилд ийм олон хоногийг алдана гэдэг их сөрөг нөлөөтэй.

 

Ямар ч байсан замын хөдөлгөөнийг 11 дүгээр сарын 01-нд нээсэн. Замын ажил дуусаагүй байгаа үргэлжлүүлээд хавар хийгдэнэ” гэлээ.

 

 

Энэ үеэр Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан, Хотын захирагч С.Амарсайхан нар сайжруулсан шахмал түлштэй холбоотой цаг үеийн асуудлаар санал солилцож, ярилцлаа.

 

“Түлшний түгээлт жигдрэх шатандаа орсон. Айл өрхүүд ч хэрэглээндээ хэвшиж байна гэж үзэж байгаа. Борлуулалтын цэгүүдээ нэмэгдүүлэх ажлыг хийж байна. Мөн хяналтын цэгүүд ажиллаж, түүхий нүүрс нэвтрүүлэх, борлуулахгүй байхад хяналт тавьж ажиллаж байгаа.

 

Агентлагуудын удирдлагуудаас бүрдсэн 24 цагийн штаб байгуулсан. Дүүргүүд дэх бөөний цэгүүддээ савлалт мөн хийж байна” гэсэн мэдээллийг Хотын Захирагч С.Амарсайхан өглөө. Мөн айлуудад суурилуулах утаа мэдрэгчийн асуудлыг маш сайн судалж, аль нь илүү давуу тал, боломж бололцоотойг харж, харьцуулалт туршилтыг хийж, энэ сардаа багтаагаад иргэдэд хүргэхээр ажиллаж байна гэв.

 

 

Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Улаанбаатар хотод утааны байдал багасаж, түлшний чанар сайжирч, хүмүүс сайн түлш гэдгийг нь ойлгож мэдэрч эхэлж байна. Огт хэрэглэж хэвшээгүй шинэ зүйлийг хэвшүүлэхэд мэдээж тодорхой хэмжээний цаг хугацаа шаардана.

 

Тиймээс түлшний хэрэглээний талаарх урьдчилан сэргийлэх арга хэмжээг сайн авч ажиллах хэрэгтэй. Утаа багасаж байгаад бүх хүн баяртай байгаа гэдэгт би итгэлтэй байна. Утааны асуудал дээр улс төр хийнэ гэдэг утгагүй асуудал. Бид бүхэн нэг л уушигтай, нэг агаараар амьсгалдаг учраас утаагүй болох асуудал хүн бүхэн санал санаачлагатай оролцох хэрэгтэй” гэсэн юм.

 

Түүнчлэн Ерөнхий сайд У.Хүрэлсүх Нийслэлийн Засаг даргын Явуулын ажлын байрыг сайшааж, "Энэ их зүгээр шийдэл болжээ. Холбогдох албаны хүмүүсийн хамт явж, цаг хугацааг хэмнэн, ажлаа хурдан шуурхай хийх боломжийг бүрдүүлсэн байна" гэсэнд Хотын Захирагчийн зүгээс "Шаардлагатай тохиолдолд та авч ажил хэрэгтээ ашиглахад нээлттэй. Олон машин явж, замын түгжрэл үүсгэхгүй. Гол нь явж байхдаа асуудлаа хэлэлцэн, шийдвэр гаргах, цаг хугацаа хэмнэх давуу талтай" гэж тодотгосон юм. 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна