Шууд: Г.Занданшатар "Шинэчлэлт өөрчлөлт хийхийг цаг үе биднээс шаардаж байна"

Админ
2019/11/05

Монгол Улсыг FATF-ын саарал жагсаалтад орсонтой холбогдуулан Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан, Санхүүгийн зохицуулах хорооны дарга С.Даваасүрэн нарь хариуцлага тооцох тухай яригдаж байгаа. Яг одоо Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар эл асуудлыг хэлэлцэж байна. 

 

FATF нь Монгол Улсыг мөнгө угаах гэмт хэрэгтэйгээ тэмцэж чадаагүй зэрэг дөрвөн үндэслэлээр буруутгаж, саарал жагсаалтад багтаасан. Тэгвэл Монгол улсыг саарал жагсаалтад оруулах шийдвэр аль наймдугаар сард гарчихсан байжээ. Энэ талаар Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан " Монгол улсыг саарал жагсаалтад оруулах шийдвэр аль наймдугаар сард гарчихсан байсан. "Их 7"-гийн уулзалтын үеэр энэ шийдвэр гарсан байсныг сая албан ёсоор мэдэгдсэн. Олон улсын мөнгө угаахтай тэмцэх олон улсын байгууллагын "Их -7" санаачилж, байгуулсан.

 

- Өнөөдөр би олон зүйл ярилгүй өнгөрөөж байна. Ярих зүйлийнхээ аравхан хувийг ярьж байна. Эдийн засгийн тогтолцоо, гадаад харилцаа гээд ярих юм их байна. Гэхдээ яг юунаас болж манай улс  саарал жагсаалтад оров гэдгээ нэг дүгнээд үзчих хэрэгтэй. Ирээдүйд хэрэгтэй. Энэ бол ганц байгууллагын хариуцлагын асуудал биш. Энэ бол тогтолцооны асуудал." гэлээ.

 

УИХ-ын дарга Г.Занданшатар "Тогтолцооны асуудлыг Олон улсын байгууллага ойлгохгүй. Тэд хариуцлага сахилгаа сайжруул гэсэн л шаардлага тавьж байгаа. Гэхдээ мэдээж тогтолцооны асуудлын хүрээнд хийх ажил их байгаа гэдэгтэй санал нэг байна” гэв. 

 

Т.Аюурсайхан: 2017 онд Европын холбооны хар жагсаалтад орсон. Хэнтэй ч хариуцлага тооцоогүй. Аль эрт ярих байсан. Дараагийн хүн нь ямар үүрэг хүлээж байгаа вэ гэдгээ мэдэж ажлаа авах хэрэгтэй. 


 Г.Занданшатар: АН-ын зөвлөлөөс Монголбанкны Ерөнхийлөгчид хариуцлага тооц гэсэн албан шаардлага ирсэн. Мөн  нэр бүхий гишүүд МБ-ны Ерөнхийлөгчийг огцруулах тогтоолын төсөл өргөн барьж байсан. 


Өнгөрсөн зургадугаар сард Эдийн засгийн байнгын хорооны гишүүд Монголбанкны Ерөнхийлөгч ажил хангалттай биш гэсэн дүгнэлт гаргасан. Хуулийн зөрчил гаргасан зүйлгүй. Урагшаа явахын тулд шинэчлэл хийх шаардлагатай. Олон улсын байгууллага бүгдийг харж байдаг. Би ч гэсэн ярих зүйлийнхээ таван хувийг ярьж байна. Н.Баяртсайханы хувьд Сангийн сайд, Үйлдвэр худалдааны сайд, УИХ-д таван удаа сонгогдож байсан туршлагатай хүн. Гэхдээ бид шинэчлэлт өөрчлөлт шаардлагатай байна. Цаг үе биднээс шаардаж байна. 

 

Ингээд Санхүүгийн зохицуулах хорооны дарга С.Даваасүрэн болон Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх саналыг дэмжье гэсэн томьёоллоор гар өргөж санал хураахад байнгын хорооны гишүүдийн олонхи дэмжлээ.

 

 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна