Монголбанкныхан УИХ-ын гишүүдийг Тэрэлж рүү амралтад авч явах гэж байсан гэв үү

Админ
2019/11/05


Монгол улс олон улсын мөнгө угаахтай тэмцэх байгууллагын саарал жагсаалтад орсоны дараа УИХ-ын дарга Г.Занданшатар Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан болон Санхүүгийн зохицуулах хорооны дарга С.Даваасүрэн нарт хариуцлага тооцохоо мэдэгдсэн билээ. Өөрөөр хэлбэл тэднийг сайн дураараа өргөдөлөө өгөхийг сануулсан.

 

УИХ-ын даргын мэдэгдэлийн дараа Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан өөрөө өргөдөлөө өгнө гэх мэдээлэл тарж, улмаар дараагийн Ерөнхийлөгчид горилогчдын нэрс хүртэл тодорсон. Гэвч тэрбээр өнөөг хүртэл өргөдөлөө өгөөгүй байсаар Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар түүнийг албан тушаалаас нь чөлөөлөхийг дэмжлээ.


Уг хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан нэгэн ноцтой гэмээр мэдэгдэл хийсэн нь Монголбанкныхан байнгын хороодын гишүүдэд нөлөөлөх гэж оролдсон уу гэх хардлагыг төрүүлж эхэллээ. 


Т.Аюурсайхан “УИХ-ын ёсзүйн дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах гээд саналаа хүргүүлсэн байгаа. УИХ-ын гишүүн УИХ-ын өмнө ажлаа тайлагнадаг байгууллагын удирдлагуудын дайллага, цайллага, зоогт очихыг, ямар нэгэн бэлэг сэлт авахыг хориглох ёстой. Бүгдийг нь хэлж байгаа юм биш. Манай гишүүд иймэрхүү асуудалд ноён нуруутай, ажлын эрх ашгийн төлөө хандах ёстой. Монголбанкны үүднээс цагдаагийн хамгаалалттай байнгын хорооны гишүүдийг Тэрэлж рүү амраахаар явах гэж байсныг би болиулсан.  Тийм учраас энэ талаар  УИХ-ын ёсзүйн дүрэмд заавал тусгах ёстой” гэв.


Эрхэм гишүүн дээрх мэдэгдэлийг хийхдээ үйл явдал яг хэзээ болсоныг дурдсангүй. Хэрэв сүүлийн өдрүүдэд өрнөсөн бол Монголбанкныхан ёсзүйгүй үйлдэл гаргасныг илтгэж буй хэрэг биш үү. 


Сүүлийн үеийн улстөрийн хүрээний халуухан сэдвийн нэг нь яах аргагүй Монголбанкны Ерөнхийлөгчийн суудал байсан. УИХ-ын дарга эрх мэдлийнхээ хүрээнд огцруулах асуудлыг хөндөхөө мэдэгдэж, уг асуудал Байнгын хороодын гишүүдийн кнопоор  шийдэгдэх нь нэгэнт ойлгомжтой байсан. Харин энэ үед санхүүгийн хариуцлага, ёсзүйг чанадлан мөрдөх ёстой дээд түвшиний байгууллага нь гишүүдийг Тэрэлж рүү амралтад авч явж, лоббидох гэж оролдсон  байх магадлалтай байна.
 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна