Цэцийн дарга Д.Одбаяр мэдүүлэг өгөхөөр БНСУ-д иржээ

Админ
2019/11/06

Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн дарга Д.Одбаяр онгоцны үйлчлэгчийн биед хүрсэн буюу биеийн дарамт учруулсан хэргээр мэдүүлэг өгөхөөр БНСУ-д иржээ.  Тэрбээр өнөөдөр товлосон цагаасаа нэг цаг 30 минутын өмнө "Инчён" олон улсын нисэх буудалд газарджээ. Хэргийг сануулбал, Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн дарга Д.Одбаяр болон түүнийг дагалдан явсан А нар аравдугаар сарын 31-ний өдөр онгоцны үйлчлэгчийн биед хүрсэн буюу бэлгийн халдлага үйлдсэн хэргээр Өмнөд Солонгосын цагдаад саатуулагдсан байдаг.

 

Түүнийг Улаанбаатар-Сөүл чиглэлийн онгоцоор зорчиж явахдаа онгоцны үйлчлэгч болох 20 настай эмэгтэйн биед хүрсэн, мөн А гэгч монгол иргэн үйлчлэгчийг мөрөөр нь тэвэрсэн үйлдэл гаргасныг буруутгаж, тус улсын цагдаагийн алба хаагчид саатуулсан талаар Өмнөд Солонгосын хэвлэлүүд анх мэдээлсэн юм.

 

Мөн түүнийг бэлгийн дарамтаас гадна бусдыг айлган сүрдүүлсэн гэх шинэ хэрэгтэй холбогдуулан нэмж шалгахаар болсныг Инчеоны цагдаагийн газраас мэдээлсэн. Учир нь хэрэг гарсан өдөр тэрээр Korean Air компанийн нисэх онгоцны багт ажиллаж байсан Монгол үйлчлэгчдийг "Монголд буцаж очихоороо зүгээр өнгөрөөхгүй" хэмээн заналхийлсэн талаар https://www.sedaily.com сайт мэдээлснийг бид хүргэсэн. 

 

Тус сайтын мэдээлж байгаагаар Д.Одбаяр даргыг заналхийлсэн гэдгийг нь гэрчүүд баталж байгаа аж. Энэ нь нислэгийн аюулгүй байдлын тухай хуулийг зөрчсөн хэрэг тул нэмж шалгахаар болсон талаар өнөөдөр мэдээлсэн байна. Мөн цагдаагийн газарт саатуулагдаад байхдаа монгол орчуулагчаа айлгаж дарамталсан гэгдэж байгаа юм. 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна