ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Энхбатыг ЖДҮ-гийн хэргээр чөлөөлөв үү

Админ
2019/11/06

Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гаалийн ерөнхий газрын дэд дарга Ё.Бат-Эрдэнэ, МИАТ ТӨХК-ийн БНСУ-ын нийслэл Сөүл дэх төлөөлөгч С.Баатарцогт нарыг мөрийтэй тоглоом тоглож, энэ төрлийн үйлчилгээ эрхэлдэг байгууллагаар үйлчлүүлсэн нь баримтаар нотлогдсон.

 

Тиймээс Засгийн газрын хуралдаанаар тэдгээр албан тушаалтнуудыг үүрэгт ажлаас нь чөлөөлөхөөр шийдвэрлэсэн. Шийдвэрийн биелэлтийг хангуулж ажиллахыг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, ЗТХ-ийн сайд Б.Энх-Амгалан нарт даалгасан.

 

Тэгвэл Засгийн газрын энэ удаагийн хуралдаанаар дахин нэг албан тушаалтныг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ. Тодруулбал ХХААХҮЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Д.Энхбатыг үүрэгт ажлаас нь чөлөөлөхөөр шийдвэрлэсэн байна.

 

 ХХААХҮЯ-ны харьяа ЖДҮХС-гаас нэр бүхий улс төрчид нэн хөнгөлөлттэй нөхцлөөр өөрийн хамаарал бүхий ААН-дээ зээл авсан асуудлыг АТГ-аас шалгаж, прокурорын байгууллагаас давхар хянан ажиллаж буй.

 

Энэ хүрээнд ХХААХҮЯ-ны ТНБД  Д.Энхбатыг яллагдагчаар татсан гэх мэдээлэл гарсан. 

 

Тодруулбал, АТГ-аас Д.Энхбатыг ЖДҮХС-гаас “Оньсон тээг” тэргүүтэй таван компанид нэн хөнгөлөлттэй зээл авах үйл явцад нөлөөлсөн гэх үндэслэлээр шалгасан гэх.  Түүнийг ямар шалтгаанаар чөлөөлсөнөө тодорхой дурдаагүй ч ЖДҮ-гийн хэргээр албан тушаалаас нь чөлөөлсөн байх магадлал өндөр байна. 

 

Тэрбээр ХХААХҮ-ийн сайдаар Б.Батзоригийг томилогдсоны дараа тус яамны ТНБД-аар сонгогдон ажиллаж байсан билээ. 

 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна