З.Баянсэлэнгийг дүүгийнх нь оршуулах ёслолд оролцуулахаас татгалзжээ

Админ
2019/11/11

БХБ-ын сайд асан З.Баянсэлэнгэ  Хорих 461 дүгээр ангид хоригдоод 22 хонож байна. Өнгөрсөн сарын 21-нд Чингэлтэй дүүргийн анхан шатны шүүхээс түүнийг “Өмгөөлөгчөөсөө татгалзсан” гэсэн үндэслэлээр цагдан хорьсон юм. Хоригдсоноос хойш тэрээр  цусны  даралт хэлбэлзэлтэй хямралын байдалд  байгаа аж. Учир нь 461 дүгээр ангид  хоригдсоноос нь тав хоногийн дараа төрсөн дүү нь нас баржээ. “Оршуулах ёслолд нь оролцуулж өгнө үү”  гэсэн ар гэрийнх нь  хүсэлтийг  шүүх хүлээж аваагүй байна. 

 

 Өнөөдөр  СХД-ийн МАХН-ын Түмтийн гишүүд, хүний эрхийн байгуулллага, төр засаг, олон нийтийн анхааралд хүргэхээр  “Үндэсний мэдээллийн төв”-д хэвлэлийн хурал хийлээ. Тэд З.Баянсэлэнгийг улстөрийн зорилгоор хорьж, цаашид ч хорих магадлал өндөртэй гэв. Энэ талаар  СХД-ийн МАХН-ын Түмтийн дэд дарга С.Орхонбаяр “Шүүх үйл ажиллагаа  хийгээд цагдан хорьсон явдал нь хууль зөрчсөн гэж бид үзэж байгаа. Гэсэн ч хүлээцтэй хандаж, 7-10 хоногийн дараа суллах байх гэж харсан. Гэтэл сулласангүй, үүнээс улс төрийн захиалгат хэрэг гэдэг нь улам бүр тодорч байна. Цаашдаа ч үргэлжлүүлэн  хорих хандлагатай байна.

 

Ямар хэрэгт холбогдуулж байгаа вэ гэхээр тухайн үед АН-ын  мөрийн хөтөлбөрт орсон Түрээсийн орон сууцны заалтыг Засгийн газар нь хэрэгжүүлсэн. Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн өгсөн үүрэг даалгаврын дагуу Түрээсийн орон сууцанд иргэдийг оруулах ажлыг БХБЯ хариуцан зохион байгуулсан байдаг. Ингэхдээ Монгол Улсын Засгийн газраас  2016 онд гаргасан  298 тоот тогтоолын дагуу гүйцэтгэсэн. Тэр  тогтоол нь  маш тодорхой, ердөө гуравхан заалттай. Түүнд “Түрээсийн 223 айлын орон сууцыг өөр хэнээс ч биш “Бэрэн” компаниас ав” гэж БХБ-ын сайдад үүрэг болгосон. Өөрөөр хэлбэл, тендер зарлах, сонгон шалгаруулалт хийх, аль нэгэн байрыг сонгох бололцоог хаасан. “Бэрэн” хэний, ямар компани болохыг улс төрийн хүрээнийхэн бүгд мэдэж байгаа.

 

Энэ бол З.Баянсэлэнгэд огт хамаагүй, МАХН-тай  ямар ч холбоо хамааралгүй. Зөвхөн “Бэрэн” компаниас ав гээд түүнд  зориулагдсан 15 тэрбум төгрөгийг векселээр олгохыг Сангийн сайд Б.Болорт үүрэг болгосон. З.Баянсэлэнгэ Засгийн газрын тогтоолыг  биелүүлсэн. Тухайлбал, 220 айлыг биш 223 айлыг орон сууцанд оруулж. “Бэрэн” компаниас “Хангай хотхонд ав” гэсэн газраас нь аваад өгсөн. Засгийн газрын тогтоолыг биелүүлснийхээ төлөө өнөөдөр тэр хүнд ял шийтгэл ногдуулна гэдэг байж болохгүй. Тиймээс энэ бол улстөрийн захиалгаар явж байгаа хэрэг гэж бид үзэж, эсэргүүцэж байна” гэсэн байна. 
 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна