Ерөнхий сайд У.Хүрэлсүх ирж, иргэн Б.Болороо суултаа зогсоолоо 

Админ
2019/11/12


Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хангах, тэднийг бусдын адил эрх тэгш  ажиллаж, амьдрах ёстойг нийгэмд ойлгуулахаар тэмцэж, дуу хоолойгоо өргөж байдаг тэмцэгчдийн нэг Б.Болороо олон нийтээс дэмжлэг хүссэн. Учир нь тэрээр 4 сарын өмнө өөд болсон нөхрийнхөө амиа алдсан шалтгааныг нь үнэн мөнөөр нь тогтоолгож чадахгүй байгаа юм.

 

Улмаар 10 хоногийн өмнө гурван шаардлага тавьж, Сүхбаатарын талбайд суулт зарласан. Гэвч өнгөрсөн хугацаанд түүний шаардлагыг хэн ч хүлээж аваагүй учир өчигдрөөс тэмцлийн хэлбэрээ өсгөлөн болгож байгаагаа мэдэгдсэн юм. Тэгвэл Ерөнхий сайд У.Хүрэлсүх, ЦЕГ-ын дарга С.Баатаржав нар дөнгөж сая өөрийн биеэр Сүхбаатарын талбайд ирж, иргэн Б.Болороотой уулзлаа. Энэ үеэр Б.Болороогийн тавьж байгаа гурван шаардлагыг хүлээн авч, ажлын хэсэг байгуулан ажиллахаа амласан байна. Мөн Хууль зүй дотоод хэргийн сайд Ц.Нямдоржид үүрэг өгсөн байгаа талаар дуулгалаа.

 

Энэ талаар Б.Болороо “Өнөөдөр суултаа хийгээд цаг гаруй болж байхад Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Цагдаагийн Ерөнхий газрын дарга Баатаржавтайгаа ирж уулзлаа. Бид хоёрын тавьсан эхний хоёр шаардлагад анхаарлаа хандуулж ажлын хэсэг гаргаад шийдвэрлэж өгнө гэлээ. Шүүх эмнэлгийн дүгнэлтийн хувьд цогцсноос авсан дээж удсан учир нарийн мэргэжлийн эмч нарыг оролцуулж дахиж дүгнэлт гаргахаар ярилаа. Сая Ерөнхий сайдыг ирэхээр нь өөрийн эрхгүй уйчихлаа. Яагаад ингэж иргэдээ туйлдуулдаг юм бэ. Би одоо үнэхээр хашраад байна. Тиймээс яг тодорхой цаг хугацаа хэл гэсэн чинь  “Удахгүй” л гэлээ. Тиймээс би өнөөдөр өөрийнхөө тавьсан шаардлагыг процессын хувьд хүлээж авлаа гэж үзээд суултаа зогсоохоор шийдээд байна” гэлээ.     
 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна