Б.Мэргэн: Эрх мэдэл, мөнгө, албан тушаалаар далайлган эмэгтэйчүүдийг хүчирхийлдэг байж болохгүй

Админ
2019/11/13

УИХ-ын гишүүн асан Д.Гантулгад холбогдох хэргийн шүүх хурал Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж,  эхний хэрэгт нэг жил дөрвөн сар, хоёр дахь хэрэгт найман сар нийт хоёр жилийн хорих ял оноосон. Хохирогчдын нэгнийх нь өмгөөлөгчөөр ажилласан өмгөөлөгч Б.Мэргэн хэргийг хэрхэн шийдвэрлэсэн талаараа цахим хуудаснаа тайлбар хийжээ.  

 

Тэрбээр "2017 оны 8 сард УИХ-ын гишүүнд хүчиндүүлсэн гэх хохирогч манай фирм дээр ирж уулзсан. Нийт 5 өмгөөлөгчтэй уулзсан гээд манайхыг сонгосон. Бид анхнаасаа л “ Эрх мэдэл, мөнгө, албан тушаалаар далайлган эмэгтэйчүүдийг хүчирхийлдэг байж болохгүй. Хэн байхаас үл хамааран хүний эрхэд халдсан л бол хариуцлага хүлээх боломжтой гэдгийг харуулъя. Тэгж чадвал цаашид хохирч болзошгүй олон эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалж чадах байх гэдэг утгаараа үйлчилгээний хөлс авахгүй. Үнэ төлбөргүй өмгөөлье “ гэж хэлээд стратегийн өмгөөлөл хийх ажилдаа орсон.

 

Хэрэг хаагдсан байж байгаад дахин сэргээж нээсэн. Харъяалал нь СБД-ийн цагдаа, прокурорт байсан бол АТГ, ЦЕГ хамтарсан ажлын хэсэг байгуулж, Нийслэлийн прокурор хяналт тавьж эхэлсэн. Шинжээчийн дүгнэлтийг зориуд худал гаргаж, анх хэргийг хаах үндсийг тавьсан мөрдөгч, шинжээчид, даргад нь тусдаа эрүүгийн хэрэг үүссэн.

 

УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дор хамгаалагдан мэдүүлэг өгөхгүй, биологийн шинжилгээ авахуулахгүй байсан. Тэгэхээр нь Үндсэн хуулийн цэцэд хандаж, хэт өргөн халдашгүй эрх олгосон хуулийн заалтыг хүчингүй болгуулсан.

 

Цэцэд хандахаас өмнө Улсын Ерөнхий прокурор гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх санал гаргасан ч УИХ хүлээж аваагүй. Цэцээс шийдвэр гарсны дараа ч хуулиа засаагүй байсан тул мөн бүтэлгүйтсэн. Улмаар яллагдагчаар татсан тогтоол танилцуулах гэж 18 удаа дуудсан ч очоогүй. Тиймээс хэрэг шалгах ажиллагаа таг гацсан.

 

Энэ хооронд бид Өргөдлийн байнгын хороо, Халдашгүй байдлын дэд хороо, Ёс зүйн дэд хороо, УИХ-ын дарга, дэд дарга нарт хандсан. Улмаар хуулийн төсөл боловсруулахдаа ямар байдлаар нэмэлт, өөрчлөлт оруулвал асуудал шийдэгдэх боломжтой талаар биднээс албан бусаар санал авсан. Хуулиа ч зассан.

 

Прокурор дахин гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх санал оруулсан ч өөрийнх нь талаар санал хурааж байхад өөрөө санал өгөхгүй байх зарчмыг үл тоон санал өгч ганцхан саналаар бүрэн эрхийг нь түдгэлзэхийг дэмжээгүй. Гэвч өөрөө сайн дураараа хүсэлтээ өгч гишүүнээс чөлөөлөгдсөн.

 

Түүнээс хойш 5 сарын дараа буюу 2018.09.12-ны өдөр анхан шатны шүүх хуралдаан болсон ч хэргийг прокурорт буцаасан. Улмаар дахин жил шалгаад шүүхэд шилжсэн ч 3 удаа хойшлогдсоны эцэст 2019.11.12-ны өдөр шүүх хуралдаан болж, гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайг тогтоож 2 жилийн ял оногдууллаа.

 

Хэрвээ олон нийтэд мэдээлэл өгч, анхаарлыг нь татаагүй бол албан тушаалтнуудын холбогдсон бусад олон хэргийн адил замхарч, жирийн нэгэн эмэгтэй хохироод үлдэж болох байсан. Зөвхөн эрүүгийн процесс дээрээ анхаарах биш хэргээ шийдүүлэхийн тулд Цэц, УИХ-ыг бүтцийн нэгжүүдэд хандах, хуулийн төсөл боловсруулахад санал өгөх, хүний, тэр дундаа эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах байгууллага, хэвлэл, олон нийтэд хандах гээд маш олон цогц ажиллагааны хүрээнд үр дүнд хүрсэн учир стратегийн өмгөөлөл гэсэн болно. Мэдээж нөгөө тал давж заалдах байх. Гэхдээ эхний үр дүндээ хүрлээ. Мөрдөгчид ч хангалттай баримт цуглуулж, прокурор ч сайн хяналт тавьж, шүүх хуралдаанд оролцлоо.

 

Гэхдээ бүх зүйл бас хараахан дуусаагүй. Удахгүй хэргийг будлиантуулсан шинжээчдийн шүүх хуралдаан болно. Хуурамч дүгнэлт гаргасан 3 шинжээч шүүгдэгч болсон ч тэдэнд үүрэг даалгавар, захиалга өгсөн хүмүүс мултарчихсан байдалтай үргэлжилж байна.

 

Бид одоо дараагийн 2 эмэгтэйд туслах зорилгоор ажлаа эхлүүлээд эхний шүүх хуралдаанууддаа оролцоод яллагдагчийг цагдан хориулах шийдвэр гаргуулаад байна. Ямар нэгэн эцсийн шийдвэр гараагүй байгаа тул тодорхой мэдээлэл өгөөд яахав. Магадгүй нааштай шийдүүлж чадвал тэр үед нь хэлж болох юм" гэсэн байна.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна