Д.Одбаяр & Д.Гантулга

Админ
2019/11/13

БНСУ-д 10 жил, Монгол улсад 2 жил... 


Хүний өмнөөс ичих шиг эвгүй зүйл байдаггүйг өнгөрсөн хоногуудад монголчууд биеэрээ мэдэрлээ. Гадаад, дотоодын ялангуяа БНСУ-д амьдардаг монголчууд ганц хүний ичгүүртэй үйлдэлээс болж, нүүр хийх газаргүй болж зарим нь бүр ажлаа алдсан тухай мэдээлэл ч цахимд хөвөрч байна. Өөрөөр хэлбэл томоохон албан тушаалтнууд иргэдийнхээ ихээр оршин суудаг улс орнуудад зорчихдоо үйл хөдлөл, үг хэлээ хянахгүй бол нэг үхрийн эвэр доргивол мянган үхрийн эвэр доргидогийг дээрх хэрэг харууллаа. Хүний газар нэрээ гэдэг нь энэ юм.

 


Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаярыг онгоцны үйлчлэгчийн биед зүй бусаар хүрч, бэлгийн дарамт үзүүлэхийг завдсан гэх үндэслэлээр БНСУ-ын Инчёны цагдаагийн Мөрдөн хэлтсээс шалгаж буй. Түүнд ямар шийтгэл хүлээлгэх нь одоогоор тодорхойгүй байгаа ч нэгдүгээрт гадаадын иргэн, хоёрдугаарт өмнө нь БНСУ-д гэмт хэрэгт холбогдож байгаагүй зэргийг харгалзан үзээд, бүх нотлох баримт, мэдүүлгүүдийг шалган, хэргийг түргэн хугацаанд шийдвэрлэж, Нисэхийн аюулгүй байдлын тухай хуулийн хүрээнд авч үзэхээр болсон тухай тус улсын хэвлэлүүд мэдээлж буй.

 

Өөрөөр хэлбэл торгууль төлүүлэх арга хэмжээ авна гэх мэдээлэлтэй байгаа. Учир нь тус улсын Бэлгийн хүчирхийллийн эсрэг хуулийн дагуу тухайн этгээд гэм буруутай нь тогтоогдвол 10 хүртэлх жил хорих эсвэл 15 сая хүртэлх воны торгууль төлөх шийтгэлтэй байдаг аж.

 

Ийн Д.Одбаярын хэргийн дуулиантай зэрэгцээд Монгол улсын шүүх бас нэгэн төрийн өндөр албан тушаалтны холбогдсон энэ төрлийн хэргийг таслаж, ял оноов. Олноо “Бандааш” хэмээн цоллогддог УИХ-ын гишүүн асан Д.Гантулга хоёр удаагийн хүчингийн хэргээр шүүхэд дуудагдаж, шүүх хурал нь таван удаа хойшлогдсоны эцэст өчигдөр болж, хоёр жилийн хорих ял сонсов.

 

Энэ тухай мэдээлэл тарсан даруйд Д.Одбаярын хэрэгтэй жишигдэж, БНСУ-д 10 жил, Монгол улсад 2 жил гэх харьцуулалтыг ч гаргаад амжлаа. Тэрээр 2017 оны зургадугаар сард 25 настай эмэгтэйг хүчиндсэн хэрэгт холбогдсон бол 2018 оны арваннэгдүгээр сарын 27-нд өөр нэгэн эмэгтэй УИХ-ын гишүүн асан Д.Гантулга өөрийг нь хүчирхийлэхийг завдсан хэмээн хуулийн байгууллагад хандсан байдаг билээ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна