Албан тушаалтнууд татвараас ингэж зайлсхийдэг

Админ
2019/11/13


Авлигатай тэмцэх газраас нийтийн албан тушаалтнуудын орлого, хөрөнгөө хууль ёсны дагуу олсон эсэх, хөрөнгийн эх үүсвэрийг нягтлан үзэхээс гадна өөрийн болон гэр бүлийн гишүүний өмчлөлд бүртгэлтэй эд хөрөнгийн орлогын эх үүсвэрийг нягтлах замаар нуугдмал эд хөрөнгө, хууль бус орлогыг илрүүлэхэд анхааран ажиллаж эхэлсэн. 


Ингэхдээ зарим мэдүүлэг гаргагчдын мэдүүлсэн өөрийн болон гэр бүлийн гишүүдийн орлого нь үнэн бодит эсэх, хувь эзэмшдэг хуулийн этгээд, аж ахуйн нэгжүүд нь үйл ажиллагаа явуулж орлого олж, ногдол ашгийг авсан эсэх, татварын байгууллагад хуулийн этгээдийн үйл ажиллагааны талаарх тайлан, мэдээг үнэн зөв мэдүүлсэн эсэх, ХОМ-т мэдүүлсэн орлогууд нь татварын байгууллагад гаргаж өгсөн тайлан, мэдээтэй нийцэж байгаа, татвараас зайлсхийсэн үндэслэл байгаа эсэхийг  нягтлан шалгуулахаар АТГ-аас Татварын албатай хамтран нэр бүхий иргэн, хуулийн этгээдийн орлогын байдалд холбогдох хяналт шалгалтыг явуулж байна.


Шалгалтаар Монгол Улсын Аж ахуйн нэгжийн албан татварын тухай хууль, Хувь хүний орлогын албан татварын тухай хууль болон Татварын ерөнхий хуулийг зөрчсөн санхүүгийн зөрчлүүд илэрсэн төдийгүй нийт 569.345.754 төгрөгийн зөрчил илэрснээс Зөрчлийн тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль, Татварын ерөнхий хуульд заасныг үндэслэн нийт 3 иргэн, 3 аж ахуйн нэгж, байгууллагад 42.362.496 төгрөгийн шийтгэлийн хуудсаар төлбөр ногдуулсан байна.


Нэг жишээ дурдахад АТГ-аас нэр бүхий албан тушаалтан Б-гийн ХОМ-д шалгалт явуулахад 850 сая төгрөгөөр орон сууц борлуулсан атлаа 500 сая гэж гэрээ үйлдэн, 10 саяын татвар төлжээ. АТГ-аас 850 саяын хөрөнгө борлуулсныг нь Татварын албанд мэдээлж, улмаар 350 сая төгрөгийн зөрчилд нь 9.8 сая төгрөгийн торгууль тавьсан байна. 
 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна