Г.Занданшатар: Монголоо Монголоор нь үлдээж, монгол түмнээ мохоохгүйн төлөөх эрхэм зорилго энэ өөрчлөлтөөр дамжин хэрэгжих учиртай

Админ
2019/11/14

Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлт батлагдсаны дараа УИХ-ын дарга Г.Занданшатарын хэлсэн үгийг “Товч ишлэл” болгон хүргэж байна.

 

 

  • - Хорь гаруй жил яригдаж, сүүлийн 3 парламент дамжин идэвхтэй өрнөсөн, 4 төсөл өргөн баригдсан Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулж, ирээдүйн зам мөрөө тэгшлэн засах олон жилийн, олон хүний хүсэл эрмэлзэл ажил хэрэг боллоо. 

 

  • - Монголын ард түмний сонголтоор байгуулагдсан 7 дахь удаагийн Улсын Их Хурал энэхүү үйл хэргийг 3 жилийн турш өрнүүллээ. Нэмэлт, өөрчлөлтийн төслийн эх өргөн баригдсанаас хойш Улсын Их Хурал 5 сарын турш тасралтгүй хэлэлцэж, зуны сард ч завсарлагагүй ажилласан.

 

  • - Байнгын хорооны хуралдаанаар нэмэлт, өөрчлөлтийн төслийг 36 удаа 105.9 цаг хэлэлцжээ

 

  •  - Улсын Их Хурлын гишүүд төслийн танилцуулга, хэлэлцүүлгийг 21 аймаг, 9 дүүрэгт зохион байгуулж, иргэдээс 306.0 мянган санал ирсэн 

 

  • - Төрийн ордонд олон өдөр үргэлжилсэн хэлэлцүүлгээр төрийн болон төрийн бус байгууллага, улс төрийн намууд, эрдэмтэн судлаачдаас 600 гаруй санал гарсан.

 

  • - Энэ үйл хэрэг амар хялбар байгаагүй ээ. Гэхдээ бэрхшээл саад тохиолдсон гэхээсээ илүүтэй асар их хариуцлага, эх орон, ард түмэн, ирээдүй маргаашаа бодсон чин сэтгэл, хичээнгүй тууштай зүтгэл, нөр их хөдөлмөрийг шаардсан гэж хэлж болно.

 

  • - Ойлголцол, зөвшилцлийг гүнээ эрхэмлэж, түмний төлөөх үйл хэрэгт хүчээр түрэхийг бус, хүлцэн тэвчих, нэгдэн хамтрах зарчмыг баримталж ажилласан.

 

  • - Бид Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд нам, улс төр, бүлгийн ашиг сонирхлоос ангид, зөвхөн Монгол Улс, Монголын ард түмний язгуур эрх ашигт нийцэж байх тулгуур зарчмыг баримталсан. 

 

  • - Одоо л өөрчлөхгүй бол оройтно, өнөөдрийг алдвал маргаашийн өмнө хариуцлага хүлээнэ, бид хийхгүйгээр хэн хийнэ гэж хүлээж суух вэ гэсэн итгэл үнэмшлээ мөрдлөг болгосон. 

 

  • - Өнгөрсөн бол сургамж, өнөөдөр бол боломж, маргааш харин бэлэг” гэж Махатма Ганди хэлсэн байдаг. 

 

  • - Түмэн амгалан, засаглал нь тэнцвэртэй, шүүх нь хараат бус, нутгийн удирдлагын тогтолцоо нь зөв болж, ТӨР ЦЭГЦРЭХ ИХ ӨӨРЧЛӨЛТ-ийг авчирна гэдэгт эргэлзэхгүй байна.

 

  • - ӨӨРЧЛӨЛТ маань эрүүл нийгэм, шударга улс төр, хөгжсөн эдийн засаг руу биднийг хөтлөн замчилна гэдэгт итгэлтэй байна.

 

  • - Эх хуулийн энэхүү нэмэлт, өөрчлөлт хууль эрх зүйн хувьсгалын эхлэл болох болно. 

 

  • - Сонгуулийн тухай хууль, Улс төрийн намуудын тухай хууль зэрэг 30 шахам хуульд өөрчлөлт орно.

 

  • - Эрх зүйн хувьсгалаар нийгэмд шударга ёс, төрд эмх цэгц, сахилга хариуцлага баттай ноёрхох суурийг тавих болно.

 

  • - Өнөөдрөөс өөр байхыг, өөрчлөгдөн хувьсахыг, буруудсанаа залруулахыг Монгол Улсын эрх ашиг шаардаж байна
  •  
  •  
  • - Үндсэн хуулиа сахин дагаж, шинэ нэмэлт, өөрчлөлтийг сайн цагийн уриа дуудлага хэмээн хүлээн авч, зөв тууштай хэрэгжүүлэхийн төлөө бүх нийтээрээ хамтран зүтгэцгээхийг уриалъя.  

 

  • - Монголоо Монголоор нь үлдээж, монгол түмнээ мохоохгүйн төлөөх эрхэм зорилго энэ өөрчлөлтөөр дамжин хэрэгжих учиртай. 

 

  • - Эцэг өвгөдийн бидэнд өвлүүлсэн, эрдэнэсийн эх орондоо амар түвшин, айх аюулгүй, бухимдах зовлонгүй, аз жаргалтай амьдран суухыг л ард түмэн маань хүсэж байгаа. Энэ хүсэмжлэлийг төр нь биелүүлэх ёстой. Монголын төр оршин байхын утга учир ч энэ билээ.  

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна