"Өгзөг"-ний хэрүүл "Өндөрлөг"-үүдийн толгойны өвчин болж байж шийдэгдэв үү

Админ
2019/11/18

Төрийн минь сүлд өршөө гэж түмнийхээ төлөө насаа элээсэн буурлууд залбирч суухад түвчигнөсөн зантай "ноён" тэрслүү хэрэгтэйгээ хутгах... Тив дэлхийн алдартнуудын нулмисаа дуслуулан, зүрхээ даран олны өмнө омогшиж суухад, овлигогүй зантай олиггүй нэгний хөлчүү дарстай хамт жигшигдэх...


Хэмжээлшгүй үнэ цэнээр олдсон төрийн сүр сүлд минь "хүүхэмсэг" түшээдийнхээ балгаар бөхийх учиргүй. Гэвч төрийг гутааж, түмний элэг болгосон хэргийн эзэн Д.Одбаяр хариуцлага хүлээхгүй гэж гэдийсээр. 


Хэлмэгдсэн, гэмгүй гэх үгсээр суудалтайгаа зууралдаж, сурсан зангаараа харуулж буй тэр яах аргагүй монголын шившиг. Гэтэл үйлдсэн хэргээ хүлээж, өчнөөн төгрөгийн торгууль төлчихөөд "албан тушаалаа өгөхгүй, албадаад ч нэмэргүй" гэж гүрийх тэрбээр бас дээр нь ширэн нүүртэн аж.


БНСУ-д онгоцны үйлчлэгчид бэлгийн дарамт үзүүлсэн хэргээр саатуулагдаж, улмаар торгууль төлж ирсэн ҮХЦ-ийн дарга Д.Одбаярыг албан тушаалаа өгөхийг ҮХЦ-ийн гишүүд шаардсан. Гэвч Д.Одбаяр гэмгүй, хэлмэгдсэн ухааны юм ярьж, албан тушаалаа өгөхгүй, энэ талаар Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын даргатай уулзаж, шийднэ хэмээн хаалга савсан тухай бид мэдээлсэн.


Тэгвэл тэрбээр Ерөнхийлөгчтэй уулзжээ. Х.Баттулга өмнөөс нь "Чамтай ярих юм байхгүй. Ес зүйн хариуцлага хүлээж огцор" хэмээн нүүр өгөөгүй аж. УИХ-ын дарга Г.Занданшатар өмнө нь хэрвээ Д.Одбаярыг ёсзүйгүй үйлдэл гаргасан нь нотлогдвол хариуцлага тооцно хэмээн мэдэгдэж байсан удаатай. Тэр ч үүднээс хариуцлага хүлээж, албан тушаалаа өгөхийг түүнд сануулжээ. Д.Одбаяр ч толгой дохиж, ойлголоо, ухаарлаа гээд гарсан боловч өнөөдрийг хүртэл тодорхой алхам хийгээгүй байна. Өөрөөр хэлбэл УИХ-ын даргад өөрөө өргөдөлөө өгнө гэчихээд өөр хүмүүстэй "хор найруулж" суугаа гэх.


Ерөнхий сайдын хувьд түүнийг хамгаалж чадахгүй нь тодорхой. Тэгэхээр Төрийн гурван өндөрлөг хариуцлагаа хүлээхийг сануулсаар байтал Үндсэн хуулийнхаа эсрэг зогсож, үгсэн хуйвалдаж явааг юу гэж ойлгох вэ. Өгзөгний хэрүүл "Өндөрлөг"-үүдийн шийдэх асуудал болох л дутсан гэж үү.   

 

Тэгвэл Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаяр албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ гаргажээ. Уг хүсэлтийг хэлэлцэх Үндсэн хуулийн цэцийн нийт гишүүдийн хуралдааныг 2019 оны арваннэгдүгээр сарын 22-ны өдрийн 11.00 цагт хэлэлцэхээр товлосон байна. Үндсэн хуулийн цэцийн гишүүн Н.Чинбат гадаад улсад албан томилолтоор ажиллаж байгаа бөгөөд 11 дүгээр сарын 21-нд эх орондоо ирэх аж.   
 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна