Албаны машинаар хүүгээ зугаалуулсан Т.Батсүх ажилдаа орж, М.Найданхүү Норвеги руу буцжээ

Админ
2019/11/18

Архангай аймгийн Засаг дарга  Ц.Мөнхнасангаар зодуулж албан тушаалыг нь хүчээр булаан авлаа хэмээн мэдэгдэж байсан МАА-н Эрдэм шинжилгээний хүрээлэнгийн захирал Т.Батсүхийн талд шүүхийн шийдвэр гарчээ.  Хан-Уул дүүргийн  Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр түүнийг ажилд нь буцаан томилж,  ажилгүй байсан хугацааны нөхөн олговор буюу 51 хоногийн ажлын хөлс 7 сая 342 мянга 590 төгрөг олгохоор болжээ.

 

 

Т.Батсүхийн хүү энэ зун МААЭШХ-ийн албаны машинаар найзуудтайгаа хөдөө зугаалж байгаад zarig.mn сайтын дуранд өртөж,  баримт бичлэгтэйгээ  олон нийтийн сүлжээнд цацагдсан. Албаны машиныг хувийн хэрэгцээнд ашигласных нь төлөө ХААИС-ийн ректорын тушаалаар Т.Батсүхийг  захирлын албан тушаалаас чөлөөлж, оронд нь  БСШУ-ны сайдын зөвлөх доктор М.Найданхүүг томилж байсан юм.  Гэвч  удалгүй Т.Батсүх Архангай аймгийн  Засаг дарга асан Ц.Мөнхнасанд гэртээ зодуулж, БСШУ-ны сайд Ё.Баатарбилэг МААЭШХ-ийн захирлаар зөвлөх М.Найданхүүгээ томилохын тулд ийнхүү эрүүл мэнд, нэр хүндэд хандаж “нутаг усаараа бүлэглэлээ” хэмээн tovch.mn сайтаар мэдэгдэж байсан юм. Тэрбээр Засаг дарга Ц.Мөнхнасанд гомдож  Хан-Уул дүүргийн цагдаад өргөдөл өгсөн гэж байсан ч энэ хэрэг одоогоор хэрхсэн нь тодорхойгүй байна.

 

 

Шүүхийн шийдвэр ийнхүү гарсантай холбогдуулан, МААЭШХ-ийн захирлаар 20 орчим хоног ажилласан доктор М.Найданхүү өөрийн пейсбүүк хуудсандаа ийнхүү бичсэн байна.

 

 

“Т.Батсүх нартай холбоотой хөрөнгө мөнгө идэж шамшигдуулсан, эрдэмтдийн эрх ашгийг илт зөрчсөн, хавчсан, ажлаас хууль бусаар халсан, бэлгийн дарамт учруулсан, өөрийн ферм дээр зарцалсан гэх мэт олон асуудлууд байдаг. ХХААХҮЯ, БСШУСЯ, ШУТС, гадаад орнуудын Монголд төсөл хэрэгжүүлэгч байгууллагуудтай холбоотой мөнгө идсэн, хөрөнгө хулгайлсан олон олон гэмт хэргүүд бүлэглэн үйлдсэнийг хүн бүр яридаг, мэддэг. Яам, ШУТ сан, ХААИС, хүрээлэн дамнасан хулгайн бүлэглэл байгааг ч үгүйсгэхгүй хүн олон байгаа. АТГ, ТЕГ, ЦЕГ, Төрийн албаны зөвлөл зэрэг Төрийн байгууллагууд хуулийн дагуу энэ этгээдэд арга хэмжээ авч салбарыг цэвэрлэж,  эрдэм шинжилгээний байгууллагаас салгана гэдэгт миний бие итгэж байгаа. …

 

 

Авилгачид идээчин угаачид өөрсөддөө сардаа 3,1 сая гаран цалинг тогтоож, төсвөөс идэж ууцгаадаг юм байна. Миний бие уг хүрээлэнгийн захирлаар 8-р сарын 28-наас 9-р сарын 14-н хүртэл ажиллахдаа ийм өндөр цалинтай ажилд очсоноо мэдээгүй бөгөөд цалин гэж 1 ч төгрөг аваагүй болно.


Үнэхээр манай дундаж шатны Хурган дарга нар Хаан дарга нар болон хувирчээ. .. ХААИС өмгөөлөгч гаргах мөнгө төгрөггүй бол Т. Батсүх мэтийн луйварчид өмгөөлөгч, хамгаалагч дагуулан хуулийн байгууллагаар өөртөө шийд гарган тансаглаж явна. Байдал ингэж эргэсэн тул миний бие Др. М. Найданхүү гүтгүүлж доромжлуулсан нэр төрөө сэргээлгэхээр шүүхэд хандаж 500 сая төгрөг нэхэмжилж байна. Би энэхүү мөнгө надад олгогдох юм бол Монголын хүүхдийн байгууллагад хандивлана ….” хэмээжээ.

 

 

Ажилчдын байр

 

Ямартай ч өнгөрсөн зун, намаржингаа хүү нь албаны машинаар хөдөө зугаалж, өөрөө бүлэглэлийнхэнд зодуулан албан тушаалаа булаалгасан хэмээн шуугиан тарьж байсан Т.Батсүх МААЭШХ-ийн захирлын албандаа ийнхүү буцан очиж байна. Харин Эрдэм шинжилгээний хүрээлэнгийн газрыг хувьдаа авсан доктор М.Найданхүүгийн аав Минжигдорж болон үе үеийн захирлуудын хувьдаа авсан  хэмээн ярьж байсан газруудаа ЭШХ-ийнхээ мэдэлд буцаан авч ШУДАРГА эсэхээ  харуулахыг олон нийт Т.Батсүхээс хүлээж байна.

 

 

Үе үеийн захирал дарга нар нь энэ хүрээлэнгийнхээ газраас хувьдаа авч, хаусаа барьж, 14 давхар орон сууц сүндэрлүүлэн төрийн өмчөөр бизнес хийж , МААЭШХ гэх төрийн байгууллагад хууль үйлчилдэггүй, хуйвалдааны үүр уурхай болсныг захирал Т.Батсүх нь ийнхүү хүлээн зөвшөөрч мэдээлсэн.  Харин ажилтан ажилчид нь Т.Батсүх захирлын хэлснээр малын жүчээнд амьдарч, энэ хүрээлэнд жинхэнэ утгаараа баян ядуугийн, дарга цэргийн  ШУДАРГА БУСЫН хуйвалдаан ноёрхож буйд хууль хяналтынхан анхаарал хандуулах цаг болжээ.

 

Д.Эрдэнэ tvmongolia.mn


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна