ЗАСГИЙН ГАЗАР: Аж ахуйн нэгжүүд шатахууны 30 хоногийн нөөц бүрдүүлнэ

Админ
2019/11/19

Засгийн газрын хуралдаан 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

 

Аж ахуйн нэгжүүд шатахууны 30 хоногийн нөөц бүрдүүлнэ

 

Газрын тосны бүтээгдэхүүн импортлогч нэр бүхий 22 аж ахуйн нэгж ирэх онд 30 хоногийн хэрэглээний нөөц бүрдүүлэх үүрэг хүлээлээ. Нөөцийн хэмжээг шатахуун импортын хувь хэмжээ, нэр төрөлд үндэслэн нийт 133 мянган тонн болгон шинэчлэн тогтоов.

2019 онд 26 аж ахуйн нэгж А-80 автобензин 6000 тонн, АИ-92 автобензин 35500, дизелийн түлш 71750, ТС-1 онгоцны түлш 3500 тонны нөөцтэй байх үүрэг хүлээсэн. Засгийн газрын тогтоолын дагуу нийт нөөцийг  116550 тонноос доошгүй хэмжээнд барьж байна.

2018 оны 08 дугаар сараас 2019 оны 8 дугаар сар хүртэл хугацаанд аж ахуйн нэгжүүд нэг сая 600 орчим мянган тонн газрын тосны бүтээгдэхүүн импортолжээ.

 

 

Улаанбаатар-Дархан чиглэлийн шинэ замд 137 сая ам.доллар зарцуулна

 

Монгол Улсын Засгийн газар болон Европын сэргээн босголт, хөгжлийн банк хоорондын “Улаанбаатар-Дарханы чиглэлийн автозамын төсөл”-ийн зээлийн хэлэлцээрт гарын үсэг зурах эрхийг сайд Ч.Хүрэлбаатарт олгохоор болов.

“Санхүүжилтийн ерөнхий хэлэлцээр”-ийг 2019 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын нэгдсэн чуулганаар соёрхон баталсан. Засгийн газар зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төслүүдийн жагсаалтад Улаанбаатар-Дархан чиглэлд  хоёр эгнээ бүхий 202 км хатуу хучилттай зам шинээр барих төслийг оруулаад байна. 137 сая ам.долларын нэн хөнгөлөлттэй зээл нь 18 жилийн хугацаатай, үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа дөрвөн жил, жилийн хүү /хувьсагч хүү/ LIBOR+1% байх юм.

 

 

Ерөнхийлөгчийн зарлигийн төслийг зарчмын хувьд дэмжив

Мах, хүнсний ногооны баталгаат байдлыг хангах, хяналтын тогтолцоог боловсронгуй болгох, салбар дундын хамтын ажиллагааг сайжруулах зорилгоор Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан боловсруулсан “Засгийн газарт чиглэл өгөх тухай” зарлигийн төслийг зарчмын хувьд дэмжив.

Төслийн хэд хэдэн заалтыг өөрчлөн найруулах саналыг уламжлахаар боллоо. Тухайлбал ургамлын гаралтай хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний бөөний болон жижиглэнгийн худалдааны эрх зүйн орчинг боловсронгуй болгох, хүнсний ногоо, махны агуулах, зоорь барихад олгох бага хүүтэй зээлийг таваас дээш жилийн хугацаатай олгох, орон нутагт 500-1000 тонн багтаамжтай зоорь барихад зээлийн дэмжлэг үзүүлэх, тасралтгүй ажиллагаатай агуулах, зоорь, хадгалалт, борлуулалтын худалдааны нэгдсэн төвийг хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар барихыг төрийн бодлогоор дэмжих зэргийг тусгалаа.

 

 

“Улаанбаатар хотын цэвэр агаар” төслийн нэмэлт санхүүжилтийн хэлэлцээрийн төслийг дэмжив

 

Төслийг УИХ-ын холбогдох Байнгын хороодтой зөвшилцөхөөр тогтон дэмжсэн тохиолдолд хэлэлцээрт гарын үсэг зурах эрх олгох тухай Ерөнхий сайдын захирамж гаргахаар болов.

Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциацаас олгох 12 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн нэмэлт санхүүжилтээр нийслэлийн өмчит халаалтын зуухнуудыг буулган төвлөрсөн дулаан хангамжид холбон, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт агаарын чанарын хяналтын тоног төхөөрөмж авах юм. Мөн гэр хорооллын 200 орчим айлын дунд Дэд бүтцийн төв /дулаалга, орлогод нийцсэн орон сууц, ногоон барилга, ногоон зээлийн сан, эрчим хүчний хэмнэлттэй халаалт гэх мэт/ байгуулж агаарын бохирдлыг бууруулахад дэмжлэг үзүүлэх,  эрчим хүчний хэмнэлттэй, нүүрсний бус халаалтын хэрэгсэл нэвтрүүлэхийг дэмжих, 5000 хүртэл өрхөд шөнийн дулаан хуримтлуур бүхий халаалтын хэрэгсэл нийлүүлэх зэрэг ажил хийхээр төлөвлөөд байна.

“Бичигт” хилийн боомтын барилга байгууламж, тоног төхөөрөмжийг шинэчилнэ

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх 2019 оны 11 дүгээр сарын 7,8-ны өдөр Сүхбаатар, Дорнод аймагт ажилласан талаар Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ танилцуулав.

Үүнтэй холбогдуулан:

-  Сайншанд-Алтанширээ-Хөөт чиглэлийн төмөр замын трассыг Баруун-Урт хотоор дайруулах асуудлыг судалж шийдвэрлэх

-  Сүхбаатар аймгийн “Бичигт” хилийн боомтын барилга байгууламж, тоног төхөөрөмжийг Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлээр шинэчлэх

-  Дотоодын эх үүсвэрийн нөөцтэй болтол “Бичигт” хилийн боомтын цахилгаан хангамжийг БНХАУ-аас хангах талаар судалж шийдвэрлэх

-  Үйлдвэрлэлийн болон өрөмдлөгөөс үүсч байгаа газрын тосны бүтээгдэхүүн, химийн бодис агуулсан шингэн хаягдлыг дахин боловсруулж, байгаль орчинд ээлтэй арга, аргачлалаар устгах, саармагжуулах

-  Хугацаа дууссан, ашиглалтын шаардлага хангахгүй болсон химийн бодисыг устгах

 

-  Чойбалсангийн дулааны цахилгаан станцын хүчин чадлыг 50 МВт-аар өргөтгөх ажлыг хугацаанд нь чанартай хийлгэн ашиглалтад оруулахыг холбогдох сайд, агентлагийн дарга нарт даалгав. Мөн “Бичигт” хилийн боомтын газар эзэмшил, хилийн боомт байрлаж байгаа нутаг дэвсгэрт засаг, захиргааны нэгж /баг/ байгуулахыг судалж шийдвэрлэхийг Сүхбаатар аймгийн Засаг дарга Ж.Эрдэнэбаатарт даалгалаа. 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна