Ц.Нямдорж: С.Баяр 1 тэрбум, бусад дөрвөн сайд 250 сая ам.доллар авсан гэх мэдээлэл яригдсаар өдийг хүрлээ

Админ
2019/11/20

Дубайн гэрээтэй холбоотой цаг үеийн асуудлаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж байр сууриа илэрхийллээ.  

 

Тэрбээр "Оюутолгойн төсөл өнгөрсөн хугацаанд 9 орчим тэрбум долларын хөрөнгө оруулалт хийсэн. Далд уурхайн ажил ид явагдаж байгаа. Далд уурхай гэдэг бол газар дор 1300-1500 метрийн гүнд хийгдэж байгаа бүхэл бүтэн хот гэсэн үг. Энэ ажилд Рио тинто компани, дагасан компаниуд, гадаадын 15 банк оролцож далд уурхайн ажил хийгдэж байгаа. Хамгийн сүүлийн мэдээгээр тэнд 15000 хүн ажиллаж байгаагийн 95 хувь нь Монголчууд. Энэ төслийг тойрсон 20000 аж ахуй нэгж ямар нэг үйл ажиллагаа эрхэлж байгаа. Ийм том төсөл. Намайг Хуульзүйн яаманд очсоноос хойш гурван асуудлаар Оюутолгой компани Монголын Засгийн газар хооронд гурван асуудал яригдсан. 


-Нэгдүгээрт танай УИХ гэрээг зогсоох шийвэр гаргах гээд байна. Танай байр суурь мөн үү гэж

 

-Хоёрт танай Захиргааны хэргийн шүүх дээр гэрээг хүчингүй болгох маргаан явагдаж байна. Танай байр суурь мөн үү гэж

 

-Гуравт татварын шалгалт орж акт тавигдсан. Энэ асуудлыг эвийн журмаар шийдье гэсэн. Манайх албан ёсны хариу өгөхгүй байсаар хоёр жил болсон.

 

Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн дараа гэнэт нэг өдөр Захиргааны шүүх хуралдаад тэр гэрээг хүчингүй болгочихлоо. Энэ асуудлыг өчигдөр Аюулгүйн зөвлөлөөс ярьсан. Ямар ч байсан УИХ-аар ярьж байгаад эцсийн хариугаа өгье гэлээ. "Рио тинто" компани хоёр талын шахаасанд орчихсон байгааталаараа компанийн төлөөлөгчид нь ирж ярьсан.

 

Миний байр суурь бол  энэ төслийг цаашид үргэлжлэх ёстой гэсэн хатуу байр суурьтай байна. Зөвхөн нэг үйлдвэрийн асуудал биш. Энэ бол Монгол Улс Европын холбооны улсууд, Америк, Англи, Австралитай, Дэлхийн банктай, Олон улсын Валютын сантай харьцах харьцаа тасрах учраас санаа зовж байна. 

 

Энэ гэрээг зогсоовол дааж давшгүй маргаанд Монголын Засгийн газар орно. Маргаанд ялагдах магадлал маш өндөр. Тэгээд ялагдаад зардал төлөөд, хөрөнгө оруулалтыг буцааж төлөөд, үйлдвэрийг зогсоогоод, энэ үйлдвэрийн хувь заяа яах нь мэдэгдэхгүй нөхцөл байдал үүснэ. Ирээдүйд авч болох байсан ашгаа ч эд нар нэхнэ. Лондонгийн шүүхэд очно. Иймд улсыг ийм хүнд байдалд орууж болохгүй.

 

Дубайн төлөвлөгөөний тухайд гэнэт очоод гарын үсэг зурчихсан. Шүүмжлээд байгаа хүмүүстэй ижил байр суурьтай байдаг. Гэхдээ дөрөв орчим тэрбум долларын хөрөнгө оруулалт авчихаад байгаа нь бас үнэн. Хүний юм авчихаад аваагүй гэж зугаталтай биш яах юм. Ёстой л бандан тас гэдэг зүйл 2015 онд болсон. Тэр үед Ч.Сайханбилэг Ерөнхий сайд байх үед тэр Засгийн газрын бүрэлдэхүүнд байсан нь үнэн. Худлаа гэж зугатах уу. Ийм байдал бий болсон учраас асуудлыг их нухацтай шийдэхгүй бол болохгүй. Ойрын өдрүүдэд хөрөнгө оруулалтын ТУЗ хуралдаж энэ төслийг цаашид явуулах уу үгүй юу гэдгийг ярих гэж байна.  

 

Хамгийн аюултай нь Монгол Улс ганцаардах. Рио тинто гэдэг компани чадлаараа дэлхийд хоёрт жагсдаг. Энэ компанийн цаад талд Английн хатан хааныг дагасан улсууд байдаг. Энэ улсуудыг тойрсон Европын холбоо байгаа. Дэлхийн том банкууд байгаа. Хүч тэнцвэргүй тулаанд Монгол Улс орж сөхрөх аюул нүүрлэж болзошгүй.

 

 Оюутолгойн гэрээг байгуулахад С.Баяр 1 тэрбум, бусад дөрвөн сайд тус бүр 250 сая ам.доллар авсан гэх яриаг зурагтаар хүртэл гаргаж байсан. Энэ яриа яригдсаар өдий хүрлээ. Үүнээс үүдэж, бүлэг дээр маргаан дэгдсэн. Үнэхээр хахууль аваад гэрээ байгуулсан бол ил болгох хэрэгтэй. АТГ-т баримтыг нь аваачаад өг" гэв. 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна