Монголбанкны ШИНЭ ЕРӨНХИЙЛӨГЧ Б.ЛХАГВАСҮРЭН гэж хэн бэ

Админ
2019/11/22

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдөр /2019.11.22/ хуралдаж, Монголбанкны Ерөнхийлөгчөөр Б.Лхагвасүрэн, Санхүүгийн зохицуулах хорооны даргаар Б.Баярсайхан нарыг томилохыг дэмжлээ. Тиймээс одоо тэднийг томилох эсэхийг чуулганы хуралдаанаар хэлэлцэх юм.

 

Монголбанкны дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байгаад Ерөнхийлөгчийн албан тушаалд дэмжигдээд байгаа Б.Лхагвасүрэнгийн хувьд 1994-2013 он хүртэл санхүүгийн сектор тэр дундаа банкны салбарт ажиллаж ирсэн шилдэг банкируудын нэг. Монголбанкны хяналт шалтгалтын газрын дарга, Бүртгэл тооцоо, мэдээлэл технологийн газрын даргаар тус тус ажиллаж байжээ.

 

 Б.ЛХАГВАСҮРЭН гэж хэн бэ



Б.Лхагвасүрэн нь 1965 онд Улаанбаатар хотод төрсөн. 1985-1989 онд МУИС-ийг Төлөвлөгч-эдийн засагч мэргэжлээр төгсөж, улмаар 1998-1999 онд АНУ-ын Колумбийн их сургуульд олон улсын харилцааны эдийн засгийн мастерын зэрэг хамгаалжээ.


Тэрбээр 1989-1994 онд Улсын төлөвлөгөөний комисс, ШУА-ийн харьяа Эдийн засгийн хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан, 1994-1998, 2000-2013 онд Монголбанкинд эдийн засагч, ахлах эдийн засагч, Хяналт шалгалтын газрын захирал, Монголбанкны Ерөнхийлөгчийн туслах, Бүртгэл, тооцоо, мэдээллийн технологийн газрын захирал, Банкны сургалтын төвийн захирал,

 

1999-2000 онд Дэлхийн банкны Вашингтон дахь төвд Зүүн хойд Ази, Номхон далайн орнуудын санхүүгийн секторт зөвлөх, 2013 оноос Хадгаламжийн даатгалын корпорацийн Гүйцэтгэх захирлаар тус тус ажиллаж иржээ.


Монголбанкны дэд ерөнхийлөгчид Б.Лхагвасүрэнг томилуулах саналыг өргөн мэдүүлэхдээ түүний эдийн засаг, банк, санхүү, удирдлагын мэдлэг, мэргэшлийн ур чадвар, мэргэжлийн ёс зүй, ажлын дадлага туршлагыг харгалзсан үзсэн хэмээн мэдээлж байсан билээ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна