Гурван гэр бүлийн долоон гишүүн амь насаа алдсан хэргийг прокурорт буцаалаа

Админ
2019/11/22

Одоогоос гурван жилийн өмнө буюу 2016 оны наймдугаар сарын 5-ны өдөр авто тээврийн ноцтой осол гарч, гурван гэр бүлийн долоон гишүүн амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан билээ. Энэхүү хэрэг өнөөг хүртэл шийдэгдэхгүй, прокурор дээр гурван удаа хаагдсны эцэст өчигдөр СХД, Хан-Уул, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд боллоо. Шүүх хурал шийдвэрээ гаргаж, хэргийг прокурорт буцаалаа.

 

Энэ талаар өмгөөлөгч н.Булгамаа: Төв аймгийн прокуророос хэргийг гурван удаа хэрэгсэхгүй болгож байсан. Сэжигтэн болох Ө.Цэцэгшагдар олдохгүй байна гэсэн шалтгаанаар хоёр удаа, хэргийн материалуудын хувьд шүүхэд шилжүүлэх үндэслэлгүй байна гэсэн шалтгаанаар нэг удаа хэргийг хааж байсан. Ингээд хохирогчдын зүгээс олон нийтэд хандаж, дэмжлэг хүссэн. Энэ үеэр Австрали улсаас Монголд ирж амраад буцсан нэг иргэн хэргийн газрыг дайрч өнгөрөхдөө бичлэг хийсэн байснаа бидэнд ирүүлсэн. Тус бичлэг нь хэргийг эргэж харах чухал баримт болсон тул мөрдөн байцаалтын ажиллагаа үргэлжлээд өнөөдөр анхан шатны шүүх хурал боллоо. 

 

Өнгөрсөн оны тавдугаар сард прокуророос шүүхэд шилжүүлсэн. Ингэхдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10-т зааснаар буюу хүндрүүлэх нөхцөлтэйгөөр яллах дүгнэлт үйлдсэн байгаа. Яллагдагч нь хэргийн газраас зугтааж, нэг жил гаруй хугацааны дараа олдсон нь яллах гол шалтгаан болсон. 

 

Харин шүүхээс гэрчүүдийн мэдүүлгийн зөрүүг арилгах, хэргийг мөрдөн байцаах явцад гарсан зургаан удаагийн шинжээчийн дүгнэлтийг нэгтгэх шаардлагатай байна гэсэн шалтгаанаар прокурорт буцаалаа. Гурван айл голомтын долоон хүн амь насаа алдсан хэргийн шүүх хурлыг болохыг хүлээн суусан олон хүн бий. Гурван жилийн явцад хэрэг гурван удаа хаагдсан ч прокурор Ө.Цэцэгшагдар нь гэм буруутай болохыг нотолж чадсан. Иймд бид хэргийг үнэн зөв шийдвэрлэж өгнө гэж итгэж байна" хэмээн ярьсан байна.

 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна