lIVE: Б.Лхагвасүрэнг Монголбанкны ерөнхийлөгчөөр, Д.Баярсайханг СЗХ-ны даргаар томиллолоо

Админ
2019/11/22

УИХ-ын чуулганы өнөөдөр /2019.11.22/-ийн нэгдсэн хуралдаанаар Монголбанкны ерөнхийлөгчид УИХ-ын дарга Г.Занданшатарын санал болгосны дагуу Бядрангийн Лхагвасүрэнг томилох асуудлыг УИХ-ын гишүүдийн 76.2 хувийн саналаар дэмжлээ. Мөн Санхүүгийн зохицуулах хорооны даргаар Д.Баярсайханыг томилох асуудлыг хэлэлцэн, УИХ-ын гишүүдийн 76.1 хувийн саналаар дэмжсэн байна.

 

 

Б.Лхагвасүрэн нь 1965 онд Улаанбаатар хотод төрсөн. 1973-1983 онд нийслэлийн 52 дугаар дунд сургууль, 1985-1989 онд МУИС-ийн Эдийн засгийн сургуулийг төлөвлөгч эдийн засагч мэргэжлээр төгссөн байна. 1998-1999 онд АНУ-ын Колумбын Их Сургуульд олон улсын харилцааны эдийн засгийн мастер цол хамгаалжээ. 1989-1994 онд Улсын төлөвлөгөөний комисст ШУА-ийн харъяа Эдийн засгийн хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан, 1994-1997 онд Монголбанкны Мөнгө, зээлийн бодлогын газарт эдийн засагч, ахлах эдийн засагч, 1997-1998 онд Монголбанкинд Хяналт шалгалтын газрын захирал, 1999-2000 онд Дэлхийн банкны Вашингтон дахь төвд Зүүн хойд Ази, Номхон далайн орнуудын санхүүгийн секторын хэсэгт зөвлөх, 2000-2001 онд Монголбанкны ерөнхийлөгчийн туслах,

 

2001-2007 онд  Монголбанкны Бүртгэл, тооцоо, мэдээллийн технологийн газрын захирал, 2007-2009 онд Монголбанкны Сургалтын төвийн захирал, 2013-2016 Хадгаламжийн даатгалын корпорацийн гүйцэтгэх захирал, 2001-2014 онд Үнэт цаасны хороо болон Санхүүгийн зохицуулах хорооны гишүүн, 2016 оноос Монголбанкны дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байгаа банкны салбарын мэргэшсэн мэргэжилтэн аж. 

 

Д.Баярсайхан нь 1975 онд төрсөн. Санхүү, эдийн засагч мэргэжилтэй. МУИС-ийн Эдийн засгийн сургуулийн Санхүү менежмент эдийн засгийн бакалаврыг 1997 онд, АНУ-ын Индианагийн их сургуулийн Төрийн санхүүгийн удирдлагын магистрыг 2004 онд дүүргэсэн байна. Түүнчлэн АНУ, ХБНГУ, БНИУ, Люксембургийн Их Гүнт Улсад мэргэжил дээшлүүлжээ. Д.Баярсайхан нь 1997 онд Сангийн яамны мэргэжилтэн, 1998-2002 онд “Түмэн Аюуш” ХХК-д захирал, 2006-2012 онд Дэлхийн банкны “Тогтвортой Амьжиргаа” төслийн зохицуулагч, 2012-2016 онд Бичил санхүүгийн хөгжлийн сангийн гүйцэтгэх захирал, 2016 оноос Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүн бөгөөд дэд даргаар ажиллаж байгаа аж. 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна