З.Нарантуяа: Эрх баригч нам болон Х.Болорчулуун гишүүний лоббигоор хуулийн төсөл уналаа

Админ
2019/11/22

Өнөөдрийн /2019-11-22/ УИХ-ын чуулганы хуралдаанаар УИХ-ын гишүүн З.Нарантуяа, Б.Бат-Эрдэнэ нарын гишүүдийн өргөн барьсан “Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт  оруулах тухай хуулийн төсөл”-ийг хэлэлцэхээс татгалзсан талаар УИХ-ын гишүүн З.Нарантуяа хэвлэлийхэнд мэдээлэл хийлээ. Тэрбээр хэлэхдээ “Монголын малчин иргэд малын хулгайн гэмт хэргээс болж, хотоо харлуулах дээр тулаад байна.

 

Сүүлийн нэг жилийн туршид, 2017 оны эрүүгийн хуулийн шинэчилсэн хуулийн дагуу мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх ажил нь орон нутгийн цагдаа хүчний байгууллагуудаас давж, 2018 оны байдлаар малын хулгайн гэмт хэрэг 89 хувиар огцом өсөөд байна. Хэрхэн яагаад өсөж байгаа нь маш ихээр анхаарал татаж байна. 2017 оны эрүүгийн хуулийн шинэчилсэн хуулиар малын хулгайч нарт ноогдуулдаг ялын бодлого үнэхээр хөнгөрсөн. Тиймээс энэ хуулийг чангатгаж, ялын хэмжээг чангаруулах бодлогоор ажиллаж байж малын хулгайн гэмт хэргийг таслан зогсоохгүй бол малчдыг амжиргааны эх үүсвэрээс нь салгаж байна. 


Миний хувьд 2019 оны 2 дугаар сараас эхлэн олон олон аймагт хэлэлцүүлэг зохион байгуулж, малчидтай ажиллан 918 санал дээр тулгуурлан нэгтгэж, энэхүү хуулийн төслийг өргөн барьсан. Гэтэл өнөөдөр эрх баригчид энэ хуулийн төслийг намайг өргөн барих гээд боловсруулаад хийж явж байх дундуур, хамтран боловсруулж өргөн барих гэсэн Х.Болорчулуун гишүүн лоббигоор миний санаачилсан хуулийн төслийг унагаалаа. УИХ-ын гишүүн Х.Болорчулууны хувьд зөвхөн хурдан удмын үйлдвэр сайтай морийг хулгайд алдсан тохиолдолд ялын хэмжээг нэмэгдүүлнэ гэсэн бодлоготой хандсан учир бид хоёр энэ өнцгөөс санал зөрөлдсөн.

 

Гэтэл тун харамсалтайгаар цөөнхийн бүлгийг дарангуйлж байна. Тэдний хувьд малын хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хуулийг хэн санаачилж, хэн өргөн барьсан нь чухал байгаа болохоос энэ хуулиар ялыг чангаруулах утга агуулга талаас нь огт ойшоолгүй, олонхийн кнопоор энэ хуулийг унагалаа” гэв. 
 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна