Улсын Их дэлгүүр "Номин"-д тэрбум, тэрбумаар нь "найр" тавьдаг уу

Админ
2019/11/24

Энэ сарын нэгний өдөр Санхүүгийн зохицуулах хороо “Улсын их дэлгүүр” ХК-тай холбоотой нэхэмжлэлийг  Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргажээ.


Нэхэмжлэлд “УИД” ХК-ийн 45.000 орчим жижиг хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах зорилгоор тус компанийн эрх бүхий албан тушаалтнуудын  “УИД” ХК-ийн барилгыг гаднах талбайн хамт бүхэлд нь “Номин реалтор” ХХК-д түрээсэлсэн үл хөдлөх хөрөнгийн түрээсийн гэрээнүүдийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулж, компанид учруулсан 4.4 тэрбум төгрөгийн хохирлыг барагдуулах,


Мөн төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийг хэрэгжүүлээгүйн улмаас 2017 оны дөрөвдүгээр сараас 2018 оны арванхоёрдугаар сарыг дуусталх хугацаанд компанид учруулсан 428.6 сая төгрөгийн хохирлыг компанийн  эрх бүхий албан тушаалтнуудаар гаргуулахаар  нэхэмжлэл гаргажээ.


Учир нь Санхүүгийн зохицуулах хорооноос “УИД” ХК-ийн 2016-2018 оны үйл ажиллагаанд өнгөрсөн гуравдугаар сараас таван сар хүртэл хугацаанд шалгалт хийжээ. Тус хорооноос Улсын их дэлгүүртэй “Үйл ажиллагааг сайжруулах, бие даасан байдлыг хангуулах гэрээ”-г байгуулсан байна. Гэрээнд “УИД ХК-ийн барилгыг түрээслэх гэрээний үнийн дүнг тухайн үеийн зах зээлийн ханштай дүйцүүлэх…” гэж заасан ч “Номин реалтор” ХХК-тай түрээсийн гэрээг зах зээлийн үнээс хэт бага үнээр хийж дээрх гэрээнд заасан үүргээ хэрэгжүүлж ажиллаагүй байсан нь тогтоогдсон. 

 

Үүний улмаас Улсын их дэлгүүр 2016 онд 3.9 тэрбум, 2017 онд 2.4 тэрбум, 2018 онд 2.6 тэрбум төгрөгийн татварын дараах цэвэр ашигтай ажиллах боломжоо алджээ. Цаашлаад 45000 хувьцаа эзэмшигчтэй тус компани нэгж хувьцаанд  2016 онд 106 төгрөг, 2017 онд 65 төгрөг, 2018 онд 71 төгрөгийг ногдол ашиг хэлбэрээр хуваарилах боломжийг алдсан гэж албаныхан дүгнэсэн байна.


Түүнчлэн “УИД” ХК нь “Номин холдинг” ХХК-тай зээлийн гэрээг гадаад валютаар байгуулсан нь Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийг зөрчжээ. Иймд  Санхүүгийн зохицуулах хорооноос Улсын ерөнхий прокурорын газарт хандан зөрчлийн хэрэг нээж, хэрэг бүртгэлтийн ажиллагааг эхлүүлсэн.


Мөн шалгалтын ажлын хэсгээс “УИД” ХК-ийн холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн бусад үйл ажиллагаанд торгууль оногдуулж, улсын байцаагчийн албан шаардлага хүргүүлж, жижиг хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах чиглэлээр холбогдох хууль тогтоомжид заасны дагуу арга хэмжээнүүдийг хэрэгжүүлж ажиллах үүргийг өгсөн байдаг.
 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна