Үндсэн хуулийн цэцийн гишүүд ДАРГАА СОНГОЖ ЧАДСАНГҮЙ

Админ
2019/11/29

ҮХЦ-ийн дарга Д.Одбаярыг  өнгөрөгч долоо хоногт  цэцийн бүх гишүүдийн хурлаар чөлөөлсөн.  Үүнтэй холбогдуулан, Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн даргад нэр дэвших, дэвшүүлэх, сонгох Үндсэн хуулийн цэцийн гишүүдийн хуралдааныг энэ сарын 29-ний өдрийн 11.00 цагаас буюу өнөөдөр хийхээр товлосон байсан ч хойшлогдлоо. 

 

ҮХЦ-ийн есөн гишүүн зургаан жилийн хугацаатай УИХ, ЕТГ, Улсын дээд шүүхээс оруулсан саналын дагуу томилогддог. Тэдний хоёрынх нь буюу Улсын Дээд шүүхээс санал оруулан, томилогдсон Д.Солонго, Ш.Цогтоо нарын гишүүдийн бүрэн эрхийн хугацаа ирэх 12 дугаар сарын 26-ны өдөр дуусгавар болох юм.

 

Өөрөөр хэлбэл, ҮХЦ-ийн шинэ даргаар Д.Солонго, Ш.Цогтоо, Д.Одбаяр нараас бусад зургаан гишүүн болох  Гунгаагийн Баясгалан, Шилагарьдын Солонго, Батсүхийн Буяндэлгэр, Цагааны Нанзаддорж, Гомбожавын Туулхүү, Намжилын Чинбат нарын нэг нь даргаар сонгогдоно. 

 

ҮХЦ-ийн даргаар Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  Цэцийн гишүүд дотроосоо дэвшүүлэн хуралдаанаараа хэлэлцэж, саналыг нууцаар хурааж нийт гишүүний олонхийн санал авсан хүнийг сонгоно. 

 

Гэвч Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн даргад нэр дэвших, дэвшүүлэх, сонгох асуудлыг өнөөдөр хэлэлцэх байсан Үндсэн хуулийн цэцийн нийт гишүүдийн хуралдаан хойшлогдлоо.

 

Учир нь Үндсэн хуулийн цэцийн нэр бүхий гишүүн хүндэтгэн үзэх шалтгаанааар хүрэлцэн ирээгүй учраас хуралдаан хойшлогдсон байна. ҮХЦ-ийн нийт гишүүдийн хуралдаан ирэх сарын 2-ний өдрийн 11.00 цагаас хийхээр товлогджээ. 

 

 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна