ХДХВ, ДОХ-ын 281 тохиолдол бүртгэгдсэнээс 44 нь нас баржээ

Админ
2019/11/29

Жил бүрийн 12 дугаар сарын 01-ний өдрийг ДОХ-ын улмаас амь насаа алдсан ойр дотны хүмүүсийнхээ дурсгалыг хүндэтгэн, ХДХВ, ДОХ-оос сэргийлэх, тархалтыг бууруулахад эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тэгш байдал, чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, эрсдэлт бүлгийн хүн амыг ялгаварлан гадуурхалтаас ангид байлгах чиглэлээр төр, иргэний нийгэм, иргэн бүрийн анхаарлыг хандуулан, дэлхий нийттэй дуу хоолойгоо нэгтгэн, тэмдэглэн өнгөрүүлдэг.


Энэ өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх тухай санаачилгыг 31 жилийн өмнө Дэлхийн эрүүл мэндийн байгууллага гаргасан бөгөөд энэ 2019 онд ХДХВ, ДОХ-ын асуудалд иргэн, иргэний нийгмийн байгууллагын үүрэг, оролцоог нэмэгдүүлэх, үйл ажиллагааг нь дэмжих зорилгоор "Өөрчлөлтийг та бид хийнэ” уриан дор зохион байгуулах юм.



НҮБ-ын ДОХ-ын Нэгдсэн Хөтөлбөрөөс танилцуулсан “Иргэдэд эрхийг нь өгье” хэмээх шинэ тайланд ХДХВ, ДОХ-ын асуудлаар аливаа шийдвэр гаргах, эрүүл мэнд, нийгмийн тусламж үйлчилгээг хүртээмжтэй байлгах, шинэ тохиолдлын тоог эрс бууруулах, вирусийн эсрэг эмчилгээний хамрагдалтыг нэмэгдүүлэх үйл ажиллагаанд иргэний нийгэм, олон нийтийн сүлжээ, түүнчлэн ХДХВ-ийн халдвартай амьдарч байгаа хүн бүрийн оролцоог нэмэгдүүлэхийн чухлыг онцолсон байна.  Тус тайланд дэлхийн хэмжээнд 2018 онд шинээр бүртгэгдсэн ХДХВ-ийн халдварын тохиолдлын талаас илүү хувь нь эрсдэлт бүлгийн хүн ам байсан, ХДХВ-ийн халдвартай амьдарч байгаа 37.9 сая хүнээс 24.5 сая /65 хувь/ хүнийг ретровирусийн эсрэг эмчилгээнд хамруулсан талаар тус тус дурджээ.



Хэвлэлийн бага хуралд дээр ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Амаржаргал хэлсэн үгэндээ: Хэдийгээр манай улсад төр, иргэний нийгмийн байгууллага хамтран үр дүнтэй үйл ажиллагааг хэрэгжүүлж, нийт хүн амын дунд ХДХВ-ийн халдварын бага тархалтыг тогтоон барьж байгаа хэдий ч 2019 онд хийсэн “ХДХВ-ийн тархалтын үндэсний судалгаа”-ны урьдчилсан дүнгээр бэлгийн цөөнх эрчүүдийн дунд уг халдвар төвлөрсөн тархалттай хэвээр байгаа нь бид анхаарлаа сулруулж огт болохгүйг харуулж байна.

 

ХДХВ-ийн халдвараас сэргийлэхэд би юу хийж чадах вэ?” хэмээн хүн бүр бодож, чадах бүхнээрээ дэмжин туслах нь хүн бүрийн үүрэг хариуцлагын нэг болохыг онцлон, иргэний нийгмийн байгууллагын санал санаачилга, манлайлал, иргэн бүрийн хүчин чармайлт, төрийн шууд дэмжлэгийг нэгэн зүгт чиглүүлэн, дэлхий дахинд ХДХВ, ДОХ-ын тахалт тархалтыг таслан зогсоох уриан дор эвлэлдэн нэгдэхийг уриаллаа. 


ДЭМБ-ын Монгол улс дахь Суурин төлөөлөгч ноён Сергей Диордица “ХДХВ/ДОХ-ын шинжилгээ, эмчилгээ, тусламжийн хүртээмжийг нэмэгдүүлэх, дутагдаж буй үйлчилгээний асуудалд анхаарал хандуулах, эрүүл мэндийн анхан шатны үзлэг, үйлчилгээ болон бүх нийтийн эрүүл мэндийн хамралтыг сайжруулахад тохирох шийдлийг гаргахад олон нийтийн зүгээс хэрхэн манлайлан оролцох шаардлагатай.


2018 онд дэлхий даяар ДОХ-ын халдвартай 37,9 сая хүн байснаас 79%-ийг шинжилгээнд, 62%-ийг эмчилгээнд хамруулж, 53%-ийн вирусыг нь дарангуйлсан буюу бусдад халдвар тараах эрсдэлгүй болгосон. Хэдийгээр ХДХВ/ДОХ-ын шинжилгээ, эмчилгээний хүртээмж нэмэгдсэн  ч дэлхийн зорилтыг хангахад хангалттай бус байна. Иймд ХДХВ-ийн халдварын шинжилгээнээс гадна эмчилгээ, урьдчилан сэргийлэлтийн ач холбогдлыг онцолж, олон нийтэд суурилсан шинжилгээ, сэргийлэлт, тусламжийг зөвлөж байна” гэлээ.



Халдвар өвчин судлалын үндэсний төвийн ерөнхий захирал Д.Нямхүүгийн хэлсэн үгэнд Монгол улсад 615 хүн ХДХВ-ийн халдвартай байх боломжтой гэж тооцоолсон бөгөөд үүний 38 хувийг илрүүлээд байна. ХДХВ, ДОХ-ын тусламж үйлчилгээ авч байгаа хүмүүсийн 87 хувь нь ретровирүсийн эсрэг эмчилгээ (РВЭЭ)-нд хамрагдаж, тэдний 79 хувьд ХДХВ-ийн ачаалал дарангуйлагдсан байна.


ХӨСҮТ-ийн эмнэлгийн тусламж үйлчилгээ, олон улсын жишигт нийцсэн эмийн хангалт, эмч нарын эмчилгээ, хяналт, оношилгооны бэлэн байдал хангалттай байна.


Монгол улсад ХДХВ-ийн халдварын эхний тохиолдол 1992 онд бүртгэгдсэнээс хойш 2019 оны 10 сарын байдлаар ХДХВ, ДОХ-ын 281 тохиолдол мэдээлэгдсэн (энэ нь өмнөх онтой харьцуулахад 3 тохиолдлоор бага байгаа) үүнээс 44 хүн нас барсан бөгөөд 32 нь ДОХ-ын улмаас нас барсан байна. 


Манай улсад бүртгэгдээд байгаа ХДХВ-ийн халдварын тохиолдлууд 100 хувь бэлгийн замаар дамжсан бөгөөд цус цусан бүтээгдэхүүн, эмнэлгийн тусламж үйлчилгээгээр болон эхээс хүүхдэд халдвар дамжаагүй байна. ХДХВ-ийн халдвартай 17 эхээс 25 хүүхэд төрсөн (8 эх давтан төрсөн), хүүхдүүд эрүүл бойжиж байна.



ХДХВ-ийн халдварын тохиолдлын 81.2 хувь нь эрэгтэй, тэдний 80 хувь нь бэлгийн цөөнх эрэгтэйчүүд байгаа бөгөөд нийт тохиолдлын 76.8 хувь нь 39-өөс доош насандаа (15-39 нас) оношлогдсон байна.


ДЭМБ-аас зөвлөмж болгосон өндөр идэвхт ретровирусийн эсрэг эмийг ХДХВ-ийн халдварын эмчилгээ, өртөлтийн өмнөх болон дараах сэргийлэлт, мөн эхээс хүүхдэд халдвар дамжихаас сэргийлэх арга хэмжээнд хэрэглэдэг.


Ретровирусийн эсрэг эмчилгээг 2003 оноос тусламж үйлчилгээнд нэвтрүүлэн, 2003-2013 онд Глобаль сангийн дэмжлэгтэй ДОХ-ын төслөөс 94,919 ам.долларын санхүүжилтээр худалдан авч, хэрэглэж байсан. Харин 2013 оноос эм, оношлуурын зардалд жил бүр 300-500 сая төгрөгийг улсын төсвөөс гарган, эмчилгээ, оношилгоо, тусламж үйлчилгээнд хэрэглэж байна.



ХДХВ, ДОХ-той нэг хүний нэг жилд хэрэглэх ретровирүсийн эсрэг эмчилгээнд 1.5-аас 4 сая төгрөг зарцуулдаг, тухайлбал ХДХВ-ийн халдвар эхээс хүүхдэд дамжихаас сэргийлэх зорилгоор нэг эх, хүүхдэд хэрэглэгдэх РВЭЭ болон бусад эмийн зардалд жилд 2.5-аас 3 сая төгрөг зарцуулж байгаа талаар ярилаа.

 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна