Монголд нутагших Сингапур: Түгжрэлгүй, орон сууцтай Улаанбаатарчууд

Админ
2019/11/30


У.Хүрэлсүхийн Засгийн газар сүүлийн үед сүрхий дүнтэй ажиллаад байгаа юм. Арваад жилийн турш үе үеийн Засгийн газар өчнөөн тэрбумыг зараад яаж ч чадаагүй хотын утааг багасгасан. Энэ ажил дээрээ олон нийтээс нэмэх оноо авчихлаа. Өөрөөр хэлбэл, энэ Засгийн газарт итгэл өгч эхлээд байна. 


Үүний зэрэгцээ улсад тулгараад удсан зарим асуудлыг шийдэхээр ажиллаж эхлээд байгаа. Ингэхдээ амжилтад хүрсэн улсуудын туршлагыг Монголд нутагшуулах буюу “монголчлох” аргыг нэлээд хэрэглэж байх шиг байна. Тухайлбал, авлига, албан тушаалтны хүнд суртал, дагаад олон сайн үр дүн гаргахаар Эстонийн туршлагыг авч  E-Mongolia буюу “Цахим Монгол” төслийг эхлүүлсэн. Энэ ажилд нь удахгүй сүртэй ахиц гарах тухай эх сурвалжууд мэдээлж байна.


Тэгвэл У.Хүрэлсүхийн Засгийн газар хотын түгжрэлийг бууруулж, янданг цөөлөх арга хэмжээ авахаар хөдөлж эхэлсэн байна. Ерөнхий сайд У.Хүрэлсүх эдгээр ажлыг амжилттай нэвтрүүлсэн Сингапурын туршлагыг“хуулж”, судлаад Засгийн газрын хуралдаанд танилцуулах үүргийг холбогдох хүмүүст өгчээ. Энэ дагуу ЗГХЭГ-ын даргаар ахлуулсан ажлын хэсэг өнгөрсөн долоо хоногт Сингапурт ажилласан байна. 


ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнийн хувьд энэ албыг аваад анхны томилолтоо Эстони улсад хийж байв. Ирээд E-Mongolia төслийг үр дүнтэй  ажил хэрэг болгохоор урагшлуулж байгаа юм. 


Энэ удаад Сингапураас судалж ирэх орон сууцжуулах, хотын түгжрэлийг арилгах ажил нь ч дээрхийн адил Монгол Улсын тулгамдсан асуудал болоод удаж байна. Бас л шийдлээ ололгүй удсан гэсэн үг.


Сингапурын хувьд Улаанбаатар хотын дөрөв хуваасны нэгтэй тэнцэх газар нутагтай атлаа таван сая гаруй иргэн, тогтмол эргэлттэй 30 сая жуулчин түгжрэлгүй зорчдог.  


Ингэхийн тулд анх 1975 онд Тээврийн хэрэгсэлд зөвшөөрөл олгох журам батлан гаргажээ. Энэ уурмын дагуу Сингапурын нэг дүүргээс нөгөө рүү зорчиж буй автомашин, мотоциклуудаас төлбөр авдаг болсон байна. Улмаар 1998 оноос Замын үнэ тогтоох цахим системийг (ERP) ашиглаж эхэлсэн нь түгжрэлийг шийдвэрлэхэд гол үүрэг гүйцэтгэжээ.

Сингапурын тодорхой бүсүүд рүү нэвтрэх цэгт ERP-ийн мэдрэгч систем, хяналтын камер байрладаг. Автомашинтай иргэд цэг тус бүрээр нэвтрэхдээ өдрийн аль цагт, түгжрэлийн хэмжээ ямар байгаагаас шалтгаалан харилцан адилгүй төлбөр төлдөг аж. Ингэхээр тус улсын иргэд автомашинаар зорчих цагаа нарийн тооцоолж, шаардлагатай бол нийтийн тээврийн хэрэгсэл ашиглах сонголтыг хийгээд сурчихсан байна.


Дараа нь 1990 онд баталсан тээврийн хэрэгслийг журамлах тогтолцоог нэвтрүүлсэн байгаа юм. Автомашин худалдан авсан хүн бүр арван жилийн хугацаатай өмчлөх гэрчилгээг 37 мянган доллараар авдаг. Гэхдээ тэр гэрчилгээний тоо хязгаартай байдаг байна. Ингэснээр машины тоог хэрэгцээт хэмжээнд нь барьж чаджээ.


ЗГХЭГ-ын даргаар ахлуулсан багийн Сингапураас судлах дараагийн ажил нь иргэдийг орон сууцжуулах хөтөлбөр юм. Хамгийн гол нь уг хөтөлбөр нь Нийгмийн даатгалын сангаар хуримтлал үүсгэж, хөтөлбөр хэрэгжүүлсэн иргэдээ орон сууцжуулсан байна. Нэг үгээр хэлбэл, ажил олгогч, даатгуулагч хоёрын төлсөн шимтгэлээс бүрддэг сан гэсэн үг.


Сингапурын энэ туршлагыг манай улсад хэдэн жилийн өмнөөс л ярьж эхэлсэн. Гэхдээ ажил хэрэг болгоогүй. Өнөөдөр Сингапур улсын нийт иргэдийн 90 хувь нь орон сууц эзэмшдэг. Тэднийх нь 82 хувь Нийгмийн даатгалын хуримтлалын сангаас орон сууцны санхүүжилт авсан байдаг байна. 


Сингапурчууд нийгмийн даатгалын тогтолцоог бүрдүүлж буй хуримтлалын сан үүсгэсэн. Энэ сандаа бүрдсэн мөнгийг иргэн бүрийн нэр дээрх хуримтлалын дансанд шилжүүлдэг. Тэрхүү хуримтлалын дансыг энгийн зориулалтын данс, эрүүлийг хамгаалах данс, тусгай зориулалтын дансуудад хуваарилна. Энгийн зориулалтын данснаас нь тухайн иргэний орон сууцыг санхүүжүүлдэг байна.


Сингапурын энэ туршлагыг “хуулах” санаачилга Засгийн газраас гадна иргэдээс ч гардаг болсон. Сар гаруйн өмнө, 2019 оны аравдугаар сарын 16-нд УИХ-ын Өргөдлийн байнгын хороо, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо, Эдийн засгийн байнгын хороо хамтран зохион байгуулсан “Зорилтот бүлгийн иргэдийг түрээсийн орон сууцанд хамруулсан байдал, цаашид авах арга хэмжээ”-ний талаар холбогдох албан тушаалтнаас тайлбар, мэдээлэл авах хэлэлцүүлгийн үеэр энэ асуудал хөндөгдөж байв.

Тодруулбал, хэлэлцүүлэгт оролцсон иргэд  “Цаашид орон сууцжуулах асуудлыг зөвхөн төсвийн эх үүсвэрийг хүлээгээд суух биш нийгмийн даатгалын шимтгэлийг орон сууцны урьдчилгаа төлбөрт ашигладаг Сингапурын туршлагыг нэвтрүүлж, хөгжлийн цогц бодлогыг хэрэгжүүлдэг болъё” гэсэн саналыг гаргаж байсан юм. 


Ийн эхлүүлбэл хийхэд боломжтой, ийм хоёр туршлагыг Монголын Засгийн газар Сингапураас авчирч “нутагшуулахаар” ажиллаж эхэллээ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна